Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг шинэчилнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-12-02 15:15:30
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг явуулав. 


Төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 1-нд явуулсан талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгчээ.  Энэ дагуу ажлын багаас зарчмын зөрүүтэй 8 санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Тухайлбал, Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журмыг Засгийн газрын гишүүн баталдаг байх, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт “хуулийн этгээд зөрчил үйлдээгүй” гэсэн томьёоллыг “Зөрчлийн тухай хуулийн 10.13 дугаар зүйлд заасан зөрчил үйлдээгүй” гэж илүү нарийвчлан тусгах агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг дэмжжээ. Мөн гадаадад байгаа иргэдийн нийтлэг эрх, ашгийг Дипломат албаны тухай хуулиар хамгаалж байгаа тул Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиар зөвхөн хөдөлмөрийн атташегийн тусгай орон тоо бүхий Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын чиг үүрэгт хөдөлмөрийн гэрээгээр явсан Монгол иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангах чиглэлийг тусгахыг, гадаад ажилтны ажпын байрны ангилал дахь олон улсын байгууллагын төрлийг илүү оновчтой тодорхойлж олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын удирдах ажилтан, ажилтан, сайн дурын ажилтан гэж тусгахыг тус тус дэмжсэн байна.


Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг эдийн засгийн салбараар жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр Засгийн газар тогтоох, ажлын байрны төлбөрийг хөнгөлж, чөлөөлөх асуудлыг хуулиар зохицуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийн 22.2.1,22.2.3,22.3.1,23.5-д заасан гадаад ажилтан болон боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, спортын байгууллагад гэрээгээр ажиллах эмч, эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжлийн багш, дасгалжуулагч авч ажиллуулах ажил олгогчийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтад гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд Засгийн газар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болох зэрэг санал багтсан болно.


Дээрх гүйцээн боловсруулах зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжсэн зарим саналыг нийцүүлж өөрчлөх, үг нэмэх, хасах шаардлага үүсжээ. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т заасныг баримтлан зарчмын зөрүүтэй 4, найруулгын 3 саналаар санал хураалт явуулан шийдвэрлсэн болохыг санал, дүгнэлтэд дурдсан юм.


Түүнчлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд дэмжигдсэнтэй холбогдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлсэн байна. Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар гадаад ажилтны ажлын байрны ангилалын талаар, УИХ-ын гишүүн С.Одонтуяа аж ахуйн нэгж, байгууллага ажилтнуудаа гадаадад мэргэжил дээшлүүлэх, ур чадварыг нь сайжруулах зорилгоор явуулахад төрөөс дэмжлэг болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан эсэх талаар асуулт, асууж хариулт авсан бөгөөд хууль санаачлагчаас хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татан авахаа мэдэгдсэн гэв.


Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжпэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг М.Оюунчимэг санал, дүгнэлтдээ танилцуулсан.


Дээрх танилцуулгын дараа УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар татан авч байгаа талаарх мэдэгдлийг танилцууллаа. Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй 15 саналаар нэг бүрчлэн санал хураан шийдвэрлээд, төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.


Дараа нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, М.Оюунчимэг харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм.


Төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэн тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Байнгын хороо 2021 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул холбогдох хуулийн зохицуулалтын дагуу анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг М.Оюунчимэг гишүүн гаргажээ. Уг саналыг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг М.Оюунчимэг гишүүн танилцууллаа.


Санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Байнгын хороо дэмжсэн саналыг дэмжих эсэх томьёоллоор санал хураасан. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжсэн тул Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ