Б.Одсүрэн: Дүүжин тээврийн эхний трассын чиглэлийг өөрчилж байгаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр болсон “Нээлттэй
Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч
Б.Одсүрэнгээс нийслэлийн автозамын
хөдөлгөөний түгжрэлийг буруулах талаар хийж буй ажлын талаар тодруулав.
Тэрээр, түгжрэлийг буруулах судалгаа, зураг төсөл, ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээг үе шаттай хийж байна. Нийслэлд 2022 оноос эхлэн хийх бүтээн байгуулалтын томоохон ажилтай уялдуулж байгаа. Хотод нийт 90 байршилд холбоос болон туслах, гол зам тавих зураг төслийг хийж байна. Энэ жилээс 1800 метр гүүр тавих ажил эхэлж байгаа. Тулгуур байгууламжит хөнгөн галт тэрэгний суурь судалгаа, урьдчилсан ТЭЗҮ, зогсоол уулзвар, шинэчлэлт явган зам, дугуйн замын зураг төслийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Үүнд шугам сүлжээ, ногоон байгууламж, үерийн далан зэрэг ажлын зураг төсөл нь нэгэн цогц арга хэмжээ болохыг тодотголоо.
Нийслэлд нэвтрүүлэх дүүжин тээврийн талаар тэрээр хэлэхдээ, Засгийн газрын хэмжээнд ажлын хэсэг байгуулж 3 удаа хуралдсан. Дүүжин тээврийн эхний трасс болох Баянхошууны эцсээс III хорооллын эцэс хүртэл нэг шугам байгаа. Уг трасс нөлөөлөх газруудад барилга, байгууламж барихыг шугамын хэсэгт байгаа гэр хорооллын айлууд өөрсдийн өмчилсөн газар дээрээ барилга, байшин барина гэдгээр зөвшөөрөхгүй байх асуудал үүссэн. Тиймээс тулгарч болзошгүй бусад эрсдэлийг ч тооцоод эхний трассын маршрутыг өөрчлөх чиглэлийг ажлын хэсгээс гаргаад байгаа гэв.
Дүүжин тээврийн төслийг Монгол, Франц улсын Засгийн газар хоорондын нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж буй юм. Төслийн үр ашиг, өгөөжийг дээшлүүлэхийн тулд хаана яаж оновчтой тавих талаар байршлын маршрутыг сольж байгаа. Энэ талаар он гараад дэлгэрэнгүй танилцуулна гэв.
Түгжрэлийг бууруулах судалгаа, зураг төслийн ажил явагдаж байна.
Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулах 420 тэрбум төгрөгөөр ямар ажил хийх талаар Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр
хариуцсан зөвлөх Ч.Батзоригоос
тодруулахад, “Засгийн газрын энэ оны
146 дугаар тогтоолоор ирэх 3 жилд жил тутамд 420 тэрбум төгрөгийг түгжрэлд
зарцуулахаар төлөвлөсөн. Үүний хүрээнд зам, замын байгууламж, гүүрэн
байгууламж, LRT зэрэг 42 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Анх удаагаа газар
чөлөөлөлтөд 124 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 500
автобусны парк шинэчлэл хийнэ. Мөн LRT-ийн ТЭЗҮ, дугуйн зам, уулзварыг дахин
инженерчлэх зардал багтсан гэв.
Нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй 5 газарт гүүрэн гарц барьж байгуулсан. Тэрхүү
гүүрэн гарцын цахилгаан шатаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд
зорчдог. Гэтэл хүйтний
улиралд цахилгаан шат нь ажиллахгүй байна
гэсэн иргэдийн санал гомдлын талаар Зам тээврийн асуудал хариуцсан
төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгээс хэлэхдээ,
“Явган
хүний гүүрэн гарцны хувьд өнгөрсөн
хугацаанд явган зорчигчдод зориулсан төмөр хийцийн гүүрэн гарцыг хэд хэдэн
газарт байгуулсан.
Эдгээр нь загвар, дизайны хувьд төдийлөн сайн биш. Лифт нь
хасах хэмд ажиллах боломжгүйгээс зогсож
байгаа нь үнэн. Тиймээс цаашид Улаанбаатар хотод орчин үеийн шаардлагад
нийцсэн гүүрэн гарц, байгууламжийг стандартын дагуу бий болгох шаардлагатай
байгаа. Улаанбаатар автомашин төвтэй хот болсон. Цаашид иргэн төвтэй, явган
хүнд ээлтэй хот байгуулахаар зураг төсөл, бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөж байна
гэлээ.