О.Цэцэнцэнгэл “Абу Даби-2021” Их дуулгад түрүүлэв

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-11-29 06:51:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-ын нийслэлд энэ сарын 26-28-нд болсон “Абу Даби -2021” Их дуулга тэмцээний сүүлийн өдөр ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл алтан медаль хүртлээ.


Монгол Улс баг тамирчид тус тэмцээнээс 2 алт, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 3 дугаар байр эзэллээ.


Эрэгтэйчүүдийн +100 кг жинд хүч, ур чадвараа сорьсон О.Цэцэнцэнгэл аваргын төлөөх барилдаанд Гранд слам ангиллын мөнгө, хүрэл медальт Румын улсын жүдоч Владут Симионескуг 3:30 минутад мордох мэхээр цэвэр ялж Гранд Слам ангилалд анхны алтан медалиа гардлаа. Ингэснээр тэрбээр дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулж топ-20-д дэвшихээр боллоо.


Харин эмэгтэйчүүдийн +78 кг-д Бакугийн Гранд Сламын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медалийн төлөө 2021 оны залуучуудын дэлхийн аварга Францын Корали Хеймид ялагдаж 5 дугаар байр эзэллээ. 


Ийнхүү Монгол Улсын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг 41 орноос 3 дугаар байр эзэлж, Монгол Улсад жүдо бөхийн спорт хөгжсөний түүхт 50 жилийн ойдоо бахдам амжилтаар бэлэг барилаа.







Холбоотой мэдээ