Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-11-26 20:01:13

Дорнод /МОНЦАМЭ/. Ирэх арван жилийн хугацаанд Дорнод аймаг 20 сая мод тарьж ургуулахаар зорьж байна. "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд БОАЖ-ын сайдтай байгуулсан гэрээнд ийнхүү тусгажээ. Тус аймгийн нийт газар нутгийн 1.9 хувь нь ойн сан бүхий газар нутаг бол үүнийг  2030 он гэхэд есөн хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

Мөн ирэх онд ногоон байгууламж хариуцсан ОНӨААТҮГ-ыг өргөтгөж, материаллаг бааз, ажиллах хүн хүчийг нэмэгдүүлж, ойн сан бүхий Халх гол суманд шинээр сум дундын ойн анги байгуулахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Халх гол болон бусад суманд мод үржүүлгийн ажлыг бодлогоор дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн дэмжлэг үзүүлэх бол аймгийн ирэх оны төсвийн төсөлд мод үржүүлэг, арчилгааны чиглэлээр хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгаад байна. Ирэх жилүүдэд гэр хорооллын орчимд нэгдсэн усалгааны системийг олноор барьж байгуулахаас гадна мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг чадавхжуулахад анхаарч, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэнэ гэлээ. 

Холбоотой мэдээ