Хэрлэн суманд шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-23 15:08:55
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч М.Шүрэнцэцэг өнөө өглөө аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавт 2022 онд хийх хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын чиглэлээр тусгуулах тулгамдсан асуудал, нэн шаардлагатай шийдвэрлүүлэх ажлуудаа газар дээр нь танилцууллаа.
Нэгдүгээрт Хэрлэн сумын Соёлын төвийн их засвар. Хэрлэн сумын Соёлын төвийн хувьд ашиглалтад орсон цагаасаа засварт ороогүй явж ирсэн хуучны обьект юм. Чингис хотын иргэдэд соёлын үйлчилгээг үзүүлдэг тус байгууллагад их засвар оруулж, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд ирэх онд онцгойлон анхаарах шаардлагатай талаар аймгийн даргад танилцуулж, нийт 450 сая төгрөгийн их засварын ажил шаардлагатай байгааг дуулгалаа.
Хоёрдугаарт Өндөрхаан ОНТҮГ нь ажилчдын хувьд цалин хангамж бага, ажлын ачаалал өндөр, хүн хүчний нөөц дутмагаас хотын тохижилтын ажилд хүндрэл бэрхшээл багагүй байдаг аж. Иймд тохижилтын ажилчдын цалинг 15 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгааг уламжиллаа. Мөн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, цахилгааны засварт шаардлагатай унагалдай экскаватор 1ш, хогийн хоёр автомашин, нийтийн тээврийн 20 хүний суудалтай хоёр автобус зэрэг нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, дэмжлэгийг аймгийн даргад танилцуулан хүсэлт тавилаа.
Хогийн автомашины хувьд анх хогийн шинэ менежментийг хэрэгжүүлж эхлэх үеэс "Хэнтий Ус" ХХК-аас татан авсан автомашинууд хуучирсан нь хог тээвэрт хүндрэл учруулах болсон бөгөөд нийтийн тээврийн эко автобусны зай муудах, зарим чиглэлд хүрэлцээгүй болсон зэрэг шалтгаанаар нэн шаардлагатай хөрөнгө оруулалтын ажилд тусгагдаж байгаа юм.
Уулзалтын үеэр хотын тохижилтын ажилд шаардлагатай унагалдай 1ш, хогийн хоёр автомашин шаардлагатай, нэн тулгамдаж байгаа асуудлуудад аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ