Ирэх дөрвөн жил боловсролын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийг хэлэлцэж байна

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-11-23 18:01:15

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан боловсролын салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн төлөвлөлт, аргачлал, цаашид хийх ажлын чиглэлээ тодорхойлон туршлага солилцсон хэлэлцүүлэг, зөвлөгөөн болж байна.

“Багш-хүүхэд-орчин” зөвлөгөөнд аймгийн боловсрол, соёлын салбарын 270 гаруй албан хаагч оролцож байна. Багш  нарын чадварыг сайжруулж, хүүхдийн хөгжлийг дэмжих. Тэдний сурч боловсрох, ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зэрэг боловсролын салбарын цогц шинэчлэл нэн чухал. Өөрөөр хэлбэл цаасан дээр хөтөлбөр баталж, тайлан гаргахаас илүү эзэнтэй, бодит ажлуудыг хийж, хэрэгжилтэд онцгой анхаарах шаардлагатай. Тиймээс аймгийн Засаг даргын санаачилсан “Чадварлаг багш”, “Үдийн хоол”, “Хүүхдэд ээлтэй дотуур байр”, “Үндэсний бахархал, монгол өв соёл”, “Хөдөлгөөн эрүүл мэнд” зэрэг үйл ажиллагааны хүрээнд боловсролын салбарын албан хаагчдын санал хүсэлтийг сонсох нь чухал юм. Цаашид энэ салбарт тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх зорилготой “Багш-хүүхэд-орчин” зөвлөгөөн, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал оролцож: “Боловсролын салбарын хоцрогдлыг арилгахын тулд цар тахалтай зэрэгцэн ажиллаж амьдрах шаардлага зүй ёсоор тулгарч байна.

“Чадварлаг багш” хөтөлбөрийн эзэн нь багш, сургууль, хүүхэд гурав байж, бодит үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлэхийн тулд энэхүү хоёр өдрийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Хэдийгээр цар тахлын хүндхэн нөхцөлд байсан ч өнгөрсөн хугацаанд дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд багагүй ажлыг хийлээ. Тухайлбал, суралцагч нэг бүрийг хөгжүүлэх. Элсэлтийн ерөнхий шалгалтын хэмжээст оноог нэмэгдүүлэхийн тулд багш нараа чадваржуулах орчныг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд найман сургуульд багш хөгжлийн төвийг байгуулаад байна. Тухайлбал, Улиастай сумын Ерөнхий боловсролын таван сургууль, Тосонцэнгэл сумын нэг, хоёрдугаар сургууль, Их-Уул сумын сургууль дээр багш хөгжлийн төв байгуулж шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа.

Цаашид элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан багш, сурагчдыг үргэлжлүүлэн урамшуулахаас гадна нийт суралцагчдынх нь амжилтыг үндэслэн урамшуулал олгоно. Тиймээс багш нар хүүхэд бүртэйгээ тулж ажиллах шаардлагатай. Мөн шинэ залуу багш нарт “Зөвлөх баг”-ийн үйлчилгээ үзүүлэх, сурагч нэг бүрийг зайнаас суралцахад нь дэмжлэг үзүүлэх. Эцэг эх, багшийн хамтын ажиллагааг сайжруулах, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр төлөвлөсөн ажлууд олон бий” гэв.

 

Хүүхдэд ээлтэй дотуур байр” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Завханы сургууль бүр дээр хүүхэд хөгжлийн танхим байгуулна.

“Багш-хүүхэд-орчин” зөвлөгөөний үеэр аймгийн Засаг дарга хэлэхдээ: “Сургууль, цэцэрлэгүүд олон хүүхдийн хоол бэлтгэхдээ чанар, эрүүл ахуйн шаардлагыг маш сайн хангасан байх шаардлагатай. Тиймээс сургууль, цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжүүдийг шат дараатай шинэчилнэ. “Хүүхдэд ээлтэй дотуур байр” хөтөлбөрийн хүрээнд дотуур байруудыг гэрийн орчин нөхцөлд ойртуулж “Хүүхэд хөгжлийн танхим” байгуулна. Түүнчлэн “Хөдөлгөөн эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд зарим суманд мэргэшсэн арга зүйчдийг ажиллуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлгээс гарсан санал, хүсэлтийг цаашид хэрэгжүүлж ажиллахад онцгойлон анхаарна” гэж нэмж дуулгасан.

Мөн үйл ажиллагааны үеэр Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг дарга БСУГ-ын ахмад мэргэжилтэн Б.Лхамрагчаа, Монгол Улсын Гавьяат багш С.Цэрэндулам нарт хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн салбартаа үр бүтээлтэй ажиллаж буй 13 албан хаагч “Аймгийн жуух бичиг”-ээр, 25 албан хаагч “Аймгийн хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнууллаа. Энэ үеэр  НҮБ-ын Хүүхдийн сангаас 24 сумын цэцэрлэгт тоглоомын багц гардуулсан. Зөвлөгөөнд оролцогчид боловсролын салбарт ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх хөтөлбөр тус бүр дээр хэлэлцүүлэг өрнүүлж санал хүсэлтээ өгч байна. Багш-хүүхэд-орчин” зөвлөгөөнөөс зөвлөмж гаргаж, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бодлого болгоно. Зөвлөгөөн өнөөдөр хоёр дахь өдрөө үр дүнтэй үргэлжилж байна. Энэхүү үйл ажиллагаанд дархлаажуулалтын гурав дахь тунгаа хийлгэсэн, түргэвчилсэн шинжилгээ өгсөн багш, ажилчид оролцож байгаа гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ