Хэнтий аймгийн цахилгаан эрчим хүчний ачаалал 20 хувь хувиар хэтэрчээ

ОРОН НУТАГТ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-11-22 17:17:19

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт 10-р сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт цахилгаан эрчим хүчний  24 удаагийн тасалдал үүсчээ.

Хүчдэл тасрах хамгийн том шалтгаан бол эрчим хүчний ачаалал буюу өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан, нөгөө талаас төрөөс цахилгааны төлбөрийг тэглэсэн нь иргэд үнэгүй тог ашиглаж цахилгаан халаагуурыг зэрэг зэрэг залгаснаас үүдэн шугам кабелиуд тасарч байна гэлээ.

Мөн газар шорооны ажил хийж байгаа том оврын автомашинууд болон гэр хорооллын дундах замын цахилгаан шугамыг мөргөх, гэмтээх, олон жилийн насжилттай цахилгааны тулгуур шон, кабель хүчтэй салхинд гэмтэх гээд олон хүчин зүйлээс нөлөөлж тасалдал үүссээр байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Эрчим хүч 2” төслийн хүрээнд хийж байгаа ажил хэвийн явж байна. Тус бүтээн байгуулалт амжилттай дууссанаар хүчдэлийн тасралт байхгүй болох, тулгуур шон, кабель бүрэн шинэчлэгдэх юм. Мөн 1-р зэрэглэлийн хэрэглэгчдийн хүчдэл автоматаар залгагддаг ч нэгдсэн эмнэлэг хүчдэл хүрдэггүй шалтгаан нь шаардлагагүй цахилгаанаа хязгаарлаж, эрчим хүч хэмнэн гол өрөөндөө нөөцлөн өгөх шаардлагатайг тэд хэлж байна.

Хэнтий аймгийн ЦТСС-ийн Ерөнхий инженер Б. Одбаяр хэлэхдээ “Өнөөдөр Хэнтий аймгийн цахилгааны ачаалал хэвийн хэмжээнээсээ 20 хувиар хэтэрч байгаа нь хүчдэл тасрах гол шалтгаан болж байна. Иймд иргэд хэрэглэгчид эрчим хүчний гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхгүй байх нь чухал байна” гэв.

Холбоотой мэдээ