Хүнсний эрхийн үйлчилгээнд хамрагддаг өрхийн тоо 50 хувиар буурчээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-11-22 17:11:09

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн хэмжээнд 2020 оны байдлаар хүнсний эрхийн үйлчилгээнд хамрагддаг 1703 өрх байсан бол энэ тоо 50 хувь буурчээ.

Өөрөөр хэлбэл 2021 онд 944 өрх тус үйлчилгээг авч байна гэсэн статистик тоо гарчээ. Энэ нь “Халамжаас хөдөлмөрт” бодлогыг хэрэгжүүлж, хөдөлмөрийн насны иргэдийг ажлын байранд зуучилж, өрхийг орлоготой болгож байгаагийн үр дүн аж.

Хэнтий аймгийн хэмжээнд хүнсний эрхийн талонд өнгөрөгч оны байдлаар 1703 өрхийн 9040 иргэн хамрагдаж, жилдээ 2,1 тэрбум төгрөгийг зарцуулж байжээ. Харин энэ тоо 2021 оны 11 дүгээр сарын байдлаар 1 тэрбум 61 сая төгрөг болж буурсан  байна.

Хэнтий аймгийн ХХҮГ-ын Нийгмийн халамжийн хэлстийн дарга Э.Хонгорзул хэлэхдээ “Халамжаас хөдөлмөрт зорилтыг хөдөө сумдад хэрэгжүүлж, хүнсний эрхийн үйлчилгээ үзүүлдэггүй анхны сумаар Баян-Овоо сум тодорсон бол Башширээт, Дархан Баянмөнх, Өлзийт, Гурванбаян тосгон сумд хүнсний эрхийн бичгээс татгалзах бүрэн боломжтой. Сумын удирдлагууд, ард иргэд  хандлага, сэтгэлгээгээ өөрчилж аль болох хөдөлмөрлөх хэрэгтэй юм” гэлээ.

Холбоотой мэдээ