Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-11-20 08:07:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурч, Говь-Алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

 

2021 оны 11 сарын 20-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

 

Багануур орчмоор: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

 

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

 

2021 оны 11 дүгээр сарын 21-25 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22, 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

 

Сарын 21, 22-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Холбоотой мэдээ