АНУ-ын Үндсэн хуулийн ховор хувь 43 сая долларын үнэ хүрчээ

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2021-11-19 14:06:57

НЬЮ-ЙОРК. /RT/.  АНУ-ын Үндсэн хуулийн анхны хэвлэмэл хувиудын нэг дуудлага худалдаагаар 43.17 сая ам.доллар хүрч зарагджээ.


Зургаан хуудас бүхий уг баримт бичгийг Нью-Йорк хотод орших “Sotheby's” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулжээ. Энэхүү ховор хувийг 1787 оны есдүгээр сарын 17-нд Пенсальвани муж улсын Филадельфи хотноо Нэгдсэн улсын хуулиудыг цэгцлэхээр хуралдуулсан Үндсэн хуулийн конвентоор баталсан бөгөөд бүх 500 хувийг тэрхүү түүхэн хурлын төлөөлөгчдөд тараасан байна. Одоо зарагдаж байгаа хувь нь хувийн цуглуулгад байсан 15 хувиас үлдсэн ганц хувь нь ажээ.


Баримт бичгийн эхний хуудсан дээр хурууны жижиг хээ үлдсэн бөгөөд 409х255 мм-ийн хэмжээтэй хуудснуудынх нь өнгө цаг хугацааны явцад бага зэрэг шарласан байна. 


Эхэндээ мэргэжилтнүүд АНУ-ын Үндсэн хуулийн анхны хэвлэмэл хувиудын нэгийг 15-20 сая ам.долларын үнэ хүрнэ гэж үнэлж байсан ч эцсийн үнэ нь хоёр дахин өссөн байна. Дуудлага худалдаанд оруулахаас өмнө уг баримт бичгийг Нью-Йорк, Лос-Анжелес (Калифорни), Чикаго (Иллинойс), Даллас (Техас) хотуудад олон нийтэд дэлгэн үзүүлжээ. 



Холбоотой мэдээ