Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-15 11:04:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг аймаг, нийслэлийн шалгалт зохион байгуулах Салбар зөвлөл, Салбар комисс зарлагдсан хуваарийн дагуу өнөөдөр 8.00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ.


Орон нутагт энэ сарын 17-ныг дуустал, Улаанбаатарт энэ сарын 21-нийг дуустал хугацаанд өдрийн 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулна. Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор эрхлэн гаргасан “Төрийн албаны шалгалтын сорил” ном болон “E-TAZ” гар утасны аппликэйшн ашиглаж шалгалтдаа бэлтгэх боломжтой бөгөөд уг ном, гар утасны аппликэйшний сорил, асуултуудаас шалгалт авах аж.


Нэмж дурдахад, Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд http://exam.csc.gov.mn/ холбоосоор орж өөрийн эрхээр нэвтрэн, шалгалт өгөх хуваарьтай танилцах боломжтой.

Хэрэв нэвтрэх нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх юм.


Шалгалт өгөхөөр ирэхдээ анхаарах зүйлс:

Шалгалт эхлэх цагаас 30 минутын өмнө шалгалт өгөх газарт ирсэн байх;

Шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх, баталгаажилтын хуудсыг авчрах;

Зөвхөн хуваарийн дагуу шалгалтад орох;

Хуваарьт цагаас хоцорсон тохиолдолд шалгалт өгөх боломжгүйг анхаарна уу.


Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”-аас: Ес. Хариуцлага

9.1. Шалгалтад оролцогчийг дараах тохиолдолд танхимаас гаргана;

9.1.1. бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан;

9.1.1. бусдад болон шалгалтын үйл ажиллагаанд саад учруулсан;

9.1.2.шалгалтын явцад бусадтай дохио зангаагаар харилцсан, ярилцсан, зөвшөөрөлгүйгээр суудлаа орхисон;

9.1.3. шалгалтын үйл ажиллагаанд саад болох, нөлөөлөх зүйлсийг шалгалтын танхимд авч орсон.

9.2. Энэ журмын 4.1-д заасан болзлыг хангаагүй, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдүүлсэн бол тухайн иргэний шалгалтыг хүчингүй болгож, нөөцөөс хасна.

Холбоотой мэдээ