АRIUNAA SURI, “Ханбогд кашимер” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-12 20:06:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний брэнд ARIUNAA SURI, “Ханбогд кашимер” ХХК нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураг ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.


“ARIUNAA SURI” брэнд нь олон улсын загварын шоу Мерседес Бензийн тайзнаа Монголоос анх удаа буюу 2013, 2014 онуудад оролцож байсан төдийгүй олон улсын "Торгоны зам загварын долоо хоног" шоуны шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарч байсан бөгөөд Монголдоо төдийгүй олон улсад нэр хүнд бүхий үндэсний брэнд юм. Загвар зохион бүтээгч С.Ариунаа нь дэлхийн тайзнаа нэрд гарч буй "THE HU" хамтлагийн хувцасны загварыг гаргасан бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд худалдан авагчтай болоод байгаа аж.




Загвар зохион бүтээгч, ARIUNAA SURI брендийг үндэслэгч С.Ариунаа, “Бид олон улсын зах зээлд гарна гэсэн бүрэн итгэлтэйгээр өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Бид энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Парис, Милан, Нью Иоркийн нэр хүндтэй загварын шоунуудад оролцож олон улсад нэртэй хувцас загварын агентлагтай хамтран ажиллаж брэндүүдээ дэлхийн томоохон хувцас загварын сүлжээгээр худалдан борлуулахаар төлөвлөж байгаадаа баяртай байна” гэлээ.




"Ханбогд кашимер" ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганцэцэг, “Ханбогд кашимер” ХХК нь 1998 оноос хойш ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Бид 2019 оноос эхлэн Итали, Япон, Герман улсын хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан сүлжмэл, оёмол зэрэг бүх төрлийн бэлэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлж байна. Дэлхийд танигдсан загвар зохион бүтээгчийн давтагдашгүй, онцгой загваруудыг "Ханбогд кашимер"-ын орчин үеийн технологи болон чанартай ноос ноолууран материалтай хослуулснаар Монголын гэх өвөрмөц өнгө төрх ялгарлыг тодотгож улмаар олон улсын зах зээлд танигдах зам нээгдэж байна” гэж онцоллоо.


"Ханбогд Кашимер" ХХК нь олон улсын мэргэжлийн байгууллага болох "Тогтвортой ноос ноолуурын эвсэл"-ээс албан ёсны гэрчилгээ авсан анхны монгол компани ажээ.


Чанарыг эрхэмлэсэн, шинэлэг инновацыг нэвтрүүлэх зорилго нь тэдний хамтын ажиллагааны үндэс суурь болж байгаа аж. Мөн Монголын ноос ноолуурын салбарт үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт ч тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаа талаар тэд дурдаж байлаа.

 






Гэрэл зургийг Т.Чимгээ 

Холбоотой мэдээ