Их Британийн Засгийн газар дахин санал асуулга явуулахаас татгалзав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-11 15:07:42

ЛОНДОН. /Kyodo/. Европын Холбооноос гарах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулгыг дахин явуулахыг уриалсан өргөх бичигт хэдэн сая хүн гарын үсэг зурсан боловч Их Британийн Засгийн газар дахин санал асуулга явуулахаас татгалзлаа.

Өнгөрсөн 6 дугаар сарын 23-нд явуулсан санал асуулгаар сонгогчдын олонх нь ЕХ-ноос гарахыг дэмжсэнээс хойш парламентын цахим хуудас дахь дахин санал асуулга явуулахыг уриалсан өргөх бичигт Их Британийн 4.1 сая гаруй иргэн гарын үсэг зурсан байна. Тус цахим хуудсанд тавигдсан өргөх бичигт гарын үсэг зурсан хүмүүсийн тоо 100 мянгаас давсан тохиолдолд  парламент аливаа асуудлыг нээлттэй хэлэлцүүлгээр авч хэлэлцэх ёстой ажээ.

Гэсэн хэдий ч Их Британийн Засгийн газар дахин санал асуулга явуулахаас татгалзаж байгаагаа өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэн  “Их Британи одоо ЕХ-ноос гарах үйл явцад бэлтгэх ёстой” гэжээ.

Тус улсын Ерөнхий сайд Дэвид Кэмерон парламентад үг хэлэхдээ “би санал асуулгын дүнг хүлээн зөвшөөрнө” гэж байсан юм.

Харин Лондон хотын оршин суугчид болон залуучууд ЕХ-нд үлдэхийг дэмжиж, тус эвслийн гишүүн улсуудын хилээр чөлөөтэй гарч, орохыг хүсч байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ