Богд уулын хязгаарлалтын бүсэд нэмж газар олгохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-11-11 17:14:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Тусгай хамгаалалттай газар нутагт суурьших иргэдийн тоо сүүлийн жилүүдэд 2-3 дахин өсжээ. Энэ хэрээр тухайн газар нутагт хилийн цэсийн маргаан, төрийн үйлчилгээг хүргэх, хог хаягдал үүсэх, байгаль орчин бохирдох зэрэг олон зүйлтэй тулгарах болсон байна. Мөн газрыг ямар ч төлөвлөлтгүй олгож байна. Тодруулбал, Богд уулын хязгаарлалтын бүсэд харьяалагдах Зайсангийн ам, Яармагийн дэнжид орон сууцны хороолол, албан байгууллага, компани, ААН-үүд барилгыг төлөвлөлтгүй барьж байгаагаас нягтрал, замбараагүй байдал үүсэж, тэнд оршин суугч иргэдийн амьдрах орчин муудаж, хохирч байна. Иргэд, оршин суугч нарт төрийн үйлчилгээг хүргэхэд хүндрэлтэй болж байна.

Энэ талаар өчигдөр болсон “Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн эрхзүйн байдал ба суурьшлын бүс” уулзалтаар хэлэлцлээ. БОАЖЯ-ны мэргэжилтэн Ч.Гал уулзалт дээр хэлэхдээ, “Тусгай хамгаалалтын газрын суурьшлыг эрхзүйн хүрээнд хуультай болгож, Богд уулын хязгаарлалтын бүсэд нэмж газар олгохгүй, газар ашиглах эрхийг зөвшөөрөхгүй. Энэ бүсэд дахин олон давхар байшин барилга болон орон сууц, орон сууцны хороолол төлөвлөж, бариулахгүй” гэдгийг мэдэгдлээ. Нэгэнтээ барьсан барилгуудаас үл хөдлөх хөрөнгийн татвар авч, газрын төлбөрийг нэмэгдүүлнэ. Тусгай хамгаалалтын газрын суурьшлын эрхзүйн хүрээнд хуулийн төсөлд ингэж тусгаж буйг дуулгалаа.





Тусгай хамгаалалтын газар нутагт орон сууц, барилга барьсан иргэн, ААН-ээс үл хөдлөх хөрөнгийн татвар авч, газрын төлбөрийг нэмэгдүүлнэ. Тусгай хамгаалалтын газрын суурьшлын эрхзүйн хүрээнд хуулийн төсөлд ингэж тусгажээ.




Богд хаан уул нь дэлхийн анхны дархан цаазат газар нутгийн нэг. Уулын нийт 41.700 га талбайг Тусгай хамгаалалттай газар нутаг хэмээн үзэн хилийн заагийг тогтоож байсан юм. Гэвч 2000-2012 оны хооронд Богд уулын эргэн тойрны газрыг тухайн үеийн сайд дарга нар иргэд, ААН-үүдэд олгож эхэлсэн. Сүүлийн 10 жилд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, ААН, байгууллагад газар ашиглах эрх олгожээ. Харин энэ тоо өнөөдөр 2000-д хүрээд байна. Богд уулын энгэр, уулын орчим газар нутагт үүсээд буй дээрх нөхцөл байдал нийслэлд гэхэд Нүхтийн ам, Бага тэнгэр, Залаат болон бусад 30 гаруй Тусгай хамгаалалтын газар нутагт үүсээд байгаа учир ийм газруудын эрхзүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг хэлэлцүүлэг уулзалтаар хөндөж байв.




2020 онд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар болон АТГ-аас Тусгай хамгаалалттай газар нутагт газар олгож буй байдлыг шалгаж мөрдөхөд 280 иргэн, ААН-ийн газар ашиглах эрхийг цуцалж байв. Энэ нь Тусгай хамгаалалттай газар нутагт газрыг хууль бусаар олгож байсны нэг тод жишээ болж байв. Богдхан уул нийт 33 амтай. Үүний 24-26 ам нь суурьшлын бүс болох дээрээ тулжээ. Сүүлийн үед 33 амнаас гадна зурвас газрыг зориудаар ухан шинэ ам гаргаж Богд уул руугаа дайрч байгаа хууль бус үйлдэл гарсаар байна. 

"Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн байдал ба суурьшлын бүс" сэдэвт төр, хувийн хэвшил, иргэн хоорондын уулзалтаар ийнхүү тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, эерэг болон сөрөг үр нөлөөллийн талаар олон талын байр сууринаас хэлэлцлээ. Уулзалт хэлэлцүүлгийг БОАЖЯ, ШӨХТГ, МҮХАҮТ, Нээлттэй нийгэм форум, ОТИС-аас хамтран зохион байгуулж, АТГ, ЦЕГ, Хан-Уул болон Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, МХЕГ, Нийслэлийн МХГ, Нийслэлийн Ерөнхий төлвлөгөөний газар, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг байгууллагын төлөөлөгч нар оролцов.

Холбоотой мэдээ