АНУ, БНХАУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-11-11 09:26:28

ГЛАЗГО. /Reuters/. Дэлхийд нүүртөрөгчийн давхар ислийн ялгарлаараа эхэнд бичигддэг АНУ, БНХАУ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон хамтарсан мэдэгдэл гаргалаа. Үүнд метаны хийн ялгарлыг бууруулах, ой модыг хамгаалах, нүүрсний хэрэглээнээс үе шаттайгаар татгалзах талаар тусгажээ.


АНУ-ын уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жон Керри, БНХАУ-ын уур амьсгалын асуудал эрхэлсэн төлөөлөгч Се Жэньхуа нар Шотландын Глазго хотноо болж буй Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцид оролцогч талуудын 26 дугаар бага хурлын /COP26/ үеэр энэхүү мэдэгдлийг хийжээ.


Хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Керри энэхүү тохиролцоо нь “COP26”-г амжилттай болж өндөрлөхөд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа цохон тэмдэглээд, “Яг одоо энэ цаг үед хийх алхам бүр ач холбогдолтой бөгөөд бид бүхнийг "урт аялал" хүлээж байна” гэв.


С.Жэньхуагийн хувьд, “БНХАУ хийн ялгарлыг бууруулах зорилтуудаа бэхжүүлж, метаны хийн талаар үндэсний төлөвлөгөө боловсруулах талаар энэхүү баримт бичигт тусгасан” хэмээн хэлээд, хоёр орон ойн хомсдлыг бууруулахын төлөө илүү их хүчин чармайлт гаргах хүсэлтэй байгааг нэмж хэлсэн байна.


Талууд Парисын уур амьсгалын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахын төлөө цаашид бүх талтай үргэлжлүүлэн хамтран ажиллахаа амласан бөгөөд 2020-иод онд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хоёр орны хамтын ажиллагаа, олон талт ажиллагааг хөгжүүлэх асуудал хариуцсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ. 


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэхүү мэдэгдлийг сайшаан, “Уур амьсгалын хямралыг олон улсын хамтын ажиллагаа, эв нэгдлийн тусламжтайгаар даван туулах учир энэ нь ихээхэн ач холбогдолтой алхам болж байна” хэмээн “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэв. 

Холбоотой мэдээ