“Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2021-11-10 14:53:40

СӨҮЛ. /Yonhap/. Америкийн “Netflix” компанийн шилдэг уран бүтээлээр тодроод буй “Squid Game” цувралын хоёрдугаар бүлэг үзэгчдийн хүртээл болно гэдгийг тус цувралын зохиолч, найруулагч Хван Дон Хёк нэгэн ярилцлагынхаа үеэр дэлгэжээ.


“Хоёрдугаар бүлгийг үзэхийг хүссэн, хүлээсэн хүмүүс маш олон байгаа учраас бидэнд өөр сонголт үлдээгүй бололтой. Иймээс хоёрдугаар бүлэг гарна гэдгийг та бүхэнд дуулгая” гэж Хван Дон Хёк Америкийн “Associated Press” агентлагт мягмар гарагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.


Найруулагч урьд нь сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ дараагийн бүлэг гарч магадгүй талаар дурдаж байсан ч ийнхүү албан ёсоор мэдэгдээгүй байсан юм. Тэрбээр одоогоор зохиолын төлөвлөгөөгөө боловсруулж байгаа бөгөөд хэзээ гарах, ямар үйл явдал өрнөхийг хэлэхэд эрт байна гэв. Гэхдээ Ги Хүн эргэн ирж, дэлхий дахины төлөө өөрийн хүчээ сорино гэдгийг амлажээ.


Солонгос хэлээрх, триллер жанрын энэхүү цувралд 45.6 тэрбум вон /38.5 сая ам.доллар/ хожихын төлөө хүүхдүүдийн тоглоомоор өөр хоорондоо амь тэмцэн өрсөлдөж буй хүмүүсийн талаар өгүүлдэг. Есөн ангитай “Squid Game”-ийг есдүгээр сард үзэгчдийн хүртээл болсноос дөрөвхөн долоо хоногийн дотор 140 сая гаруй өрх үзсэн бөгөөд “Netflix”-ийн хамгийн өндөр амжилт үзүүлсэн цуврал болсон юм. 

Холбоотой мэдээ