“Домог амилсан нутаг” дуулалт жүжгээр өвөл цагийн үзвэрийн нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын уран бүтээлчид өвөл цагийн үзвэрийн нээлтээ “Домог амилсан нутаг” дуулалт жүжгээр эхлүүллээ. Зохиолч, яруу найрагч Д.Сүрэнхорын зохиол уг дуулалт жүжиг нь Дархан хотын түүхийг илэрхийлсэн аж.
Долоон жилийн
өмнө “Залуучууд” театрын уран бүтээлчид Д.Сүрэнхор зохиолчид түүхэн сэдэвт
дуулалт жүжиг бичих өгөх санал тавьсан нь ийнхүү Дархан хотын 60 жилийн ойн
хүрээнд биелэлээ олж олны хүртээл боллоо.
Цар тахлаас шалтгаалан урлаг, соёлын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээ хязгаарлагдмал байсан. Тэгвэл энэ сарын нэгнээс эхлэн улсын хэмжээнд урлаг соёлын үйл ажиллагааг сэргээж, үзэгчдийн 50 хувийн дүүргэлттэйгээр, халдвар хамгааллын дэглэмээ баримтлан эхлүүлсэн юм.
“Домог амилсан нутаг” дуулалт жүжгийг энэ сарын 8-ны өдрөөс
эхлэн 13-ны өдрийг дуустал өдөр бүр 19:00 цагаас тоглох аж. Театрын
их танхим 588 хүний суудалтай бөгөөд өдөрт 294 хүний дүүргэлттэйгээр
үзэгчдээ хүлээн авч байна.
Уг
жүжгийн ерөнхий найруулагчаар тус театрын уран сайхны удирдагч, МУСТА Г.Саранчимэг
ажиллажээ. Нийт 70 гаруй уран бүтээлч уг жүжгийг амилуулж, Дарханчуудын хүртээл
болгож байгаа бөгөөд гол дүрд дуучин,
МУСТА Д.Бибиш, дуучин Б.Отгонжаргал нар тогложээ.
Нээлтийн
үеэр Залуучууд театрын дарга А.Болорсүх хэлэхдээ: Дарханчууд бид төрөлх
хотынхоо түүх, эв найрамдал, бүтээн
байгууллалтыг илэрхийлсэн, аймгаараа овоглосон урлагийн шинэ
брэнд бүтээлтэй боллоо хэмээн онцолсон юм. Нээлтийн
үзвэрийн төгсөлд “Домог амилсан нутаг” дуулалт жүжгийн зохиолч Д.Сүрэнхорд аймгийн
ЗДТГ болон Залуучууд театрын уран бүтээлчид хүндэтгэл илэрхийллээ.











