Ази, Европын хэвлэл мэдээллийн байгууллагууд сүлжээ байгуулж мэдээлэл солилцох зөвлөмж гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-07-08 19:17:54

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг “Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт” “Ази-Европын цахим харилцаа” сэдвийн дор хоёр өдөр болж өндөрлөлөө.

МСНЭ, ГХЯ хамтран зохион байгуулсан тус уулзалтад “Хэвлэл мэдээллийн үүрэг, ач холбогдол”, “Өнөөгийн хэвлэл мэдээллийн орчин”, “Орон нутгийн дуу хоолойгоор дэлхийн өгүүлэл гаргах” гэсэн  хэлэлцүүлгийн хүрээнд Ази-Европын 24 орны  нөлөө бүхий 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцов.

Ази Европын ард түмний харилцаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг оролцоо чухал. Гэвч цагийн бүсчлэлээс хамаараад өдөр хоногийн зөрүүтэй байдал нь мэдээлэл солилцоход тулгарч буй томоохон асуудал юм. Харин цахим орчин нь хил хязгаар, орон зайн бэрхшээлээс ангид байдлаар асуудлыг шийдвэрлэх гарц болж буйг Конрад Адэнаур Стифтунг хэвлэлийн газрын Азийн хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Торбен Стефан онцолсон юм.

Түүнчлэн олон эх сурвалжаас мэдээлэл цуглуулах ажил нь өөрөө өртөг шаарддаг тул хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд санхүүгийн том асуудал болдог. Үүний гарц нь Ази Европын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдсэн сүлжээ байгуулж харилцан мэдээлэл солилцдог тогтолцоог бий болгох саналыг уулзалтад оролцогчид дэвшүүлэв.

МСНЭ-ийн гүйцэтгэх захирал С.Алтанцэцэг хэлэхдээ, “Ази Европын редакторууд хоёр өдрийн турш хэвлэл мэдээллийн орчин тойрны нөлөө, сэтгүүлчдийн үүрэг хариуцлага, хоёр тивийн хамгийн гол гүүр болох сэтгүүлчид хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан зөвлөлдлөө. Үүний үр дүнд цахим хэлбэрээр нэг сүлжээ үүсгэж, сүлжээгээр дамжуулан тухайн улс оронд болж буй онцлох чухал үйл явцыг бие биедээ харилцан мэдээ мэдээллийн хэлбэрээр солилцож байх талаар ярилцлаа. Ингэснээр хоёр тивийн ард түмэн харилцан ойлголцох, ойртон нөхөрлөж улам илүү хөгжил дэвшлийг хамтарч бий болгоход дөхөм болно” гэв.

Дугуй ширээний уулзалтад оролцогчид хэвлэл мэдээллийн салбарт тулгарч буй бэрхшээл, хөгжлийн чиг хандлага, цахим харилцааны технологийг ашиглах болон бусад сэдвээр санал солилцсон юм.

Уулзалтын төгсгөлд хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлэх, цахим эриний талаарх ойлголтоо сайжруулах чиглэлээр цуврал зөвлөмж гарган энэ сарын 13-14-нд болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хүргүүлэхээр боллоо.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ