Зуу гаруй жилийн түүхтэй “Дендрарий” цэцэрлэгт хүрээлэнтэй хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Улс Түмний Найрамдлын Их Сургууль /РУДН/-ийн Сочи дахь салбар дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн дарга Н.И.Козловагийн урилгаар Сочи хотод зочлов.
Элчин сайд Улс Түмний Найрамдлын Их Сургуулийн удирдлагатай хамтын ажиллагааны талаар санал солилцож, сургалтын хөтөлбөр, тэргүүлэх чиглэлийн талаарх мэдээлэл авахын зэрэгцээ зарим сургалтын лабораториуд болон үйлдвэрлэлийн дадлагын талбайтай танилцав. Уулзалтын үеэр тус сургууль Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, шаардлагатай хүний нөөц, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, туршлага хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн Элчин сайд Д.Даваа Сочигийн үндэсний байгалийн нөөц газрын захирал М.М.Лапинтай уулзаж, 130 гаруй жилийн түүхтэй “Дендрарий” цэцэрлэгт хүрээлэнтэй танилцав. Энэ үеэр талууд нөхөн сэргээлт болон хамгаалалт, ногоон байгууламжийн төлөвлөлт, мод нутагшуулах чиглэлээр олон улсын хэмжээнд тэргүүлдэг “Дендрарий” цэцэрлэгт хүрээлэн болон Монгол Улсын холбогдох байгууллагын хамтын ажиллагааг эхлүүлэхээр тохиролцов.
Ташрамд дурдахад, “Дендрарий” цэцэрлэг нь дэлхийн өнцөг булан бүрээс 1800 гаруй төрөл, ангилал, соортын мод, ургамал авчирч нутагшуулсан арвин туршлагатай юм. Энэхүү байгууллага нь мод үрслүүлэх, тухайн орон нутгийн цаг уурт нийцсэн төрөл гаргаж авахад онцгой анхаарахын зэрэгцээ мод, ургамлыг үржүүлэх, бойжуулах болон шилжүүлэн суулгах технологи, арчилгааны арга зүйг боловсронгуй болгох, туршлагыг түгээх үйл ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон ажилладаг байна.
Мөн энэхүү томилолтын хүрээнд Элчин сайд Д.Даваа Монгол Улсын Соёлын элч, Сочи хотын Хурлын гишүүн И.А.Селезнёвтай уулзаж, түүний Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа, соёл, урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар санал солилцож, тодорхой зарим төсөл, санаачилгыг хамтран хэрэгжүүлэхээр тохиров.