Нийслэлд мах худалдах 30 цэг ажиллуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд шинээр худалдааны
30 цэг байгуулж мах худалдахаар боллоо. Улаанбаатар хот, төв суурин газрын
иргэдийн хүнсний нөөцийг бүрдүүлэх үүднээс дээрх тооны цэгийг байгуулж ил
задгай болон агуулахаар мах худалдах нь.
Нийслэлд
“Хүчит шонхор” болон Эмээлт гэсэн хоёр
захад мал, мах бэлтгэн
худалдан нийлүүлж буй. Энэ төвлөрлийг
сааруулж, худалдааны цэгийг
нэмэгдүүлэхээр болов.
Нийслэлчүүд өвөл, хаврынхаа хүнсний махыг нөөцлөх цаг ирж байгаа энэ үед
хэрэглэгч өөрт аль ойр байгаа цэгээс өвлийнхөө идшийг бэлтгэх боломжийг
бүрдүүлэх нь.
Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ, “Өвөлжилт нэлээн хүндрэх төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа. Мөн шүлхий болон малын гоц халдварт өвчний дэгдэлттэй холбоотойгоор зарим аймаг орон нутагт малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон. Ингэснээр махны экспортыг түр хугацаагаар хязгаарласан.
Тэгэхээр аймаг орон нутаг болон махны бизнес эрхлэгчид дээрх цэгүүдээр дамжуулан мал, мах нийлүүлэх хэрэгтэй байна” гэв. Тэрээр, мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүй байж байгаад эрсдэл учрах ёсгүй гэдгийг хэлж байна. Монголбанкны мэдээллээр өргөн хэрэглээний барааны үнэ, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж буйд махны үнэ 1.8 нэгж хувиар нөлөөлж байгаа юм.