“Монгол цэрэг- Энхийн төлөө” цогцолборын ажилтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-03 19:46:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Монгол цэрэг- Энхийн төлөө” цогцолборын тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэй албаныхан өчигдөр танилцав.


Иргэдийн амралт чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, энхийг дэмжих үйл ажиллагааг сурталчлах зэрэг олон талын ач холбогдолтой тус цогцолборын бүтээн байгуулалтын ажил зураг, төслийнхөө хүрээнд шат дараатай хэрэгжиж байна.


Тодруулбал, өнгөрсөн жил “Энхийн төлөө” хөшөө, жагсаалын талбай, авто зогсоолын ажлыг хийсэн бол энэ жил БХЯ-ны 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн хүрээнд тус яамны хөрөнгө оруулалтаар явган хүний болон дугуйн зам, гэрэлтүүлэг зэрэг тохижилтын ажил өрнөж байгаа аж.



Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус цогцолборт 200 ширхэг гацуур мод тарьсан бөгөөд цаашид ногоон төгөл болохоор зорьж байгаагаа албаныхан онцоллоо. Энэхүү тохижилтын ажилд Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар болон Тусгай хүчний цэргийн командлалын алба хаагчид идэвхтэй оролцож байна.

Холбоотой мэдээ