Египетийн ШУА-тай хамтын ажиллагааг эхлүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Булганыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцав. ШУА-ийн хувьд одоогоор Египетийн ШУА-тай хамтын ажиллагаа эхлүүлээгүй байгаа бөгөөд Элчин сайд Э.Булган Египет, Монголын ШУА-ийн хооронд хамтын ажиллагаа эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийллээ.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Шинжлэх ухаан, соёл, түүх, аялал жуулчлалын чиглэлээр аль ч улстай хамтран ажиллах боломжтой учраас энэ чиглэлд илүү анхаарч ажиллах нь зүйтэй” хэмээн Элчин сайдад захилаа.
Ташрамд дурдахад, манай улс Египет улстай 1963 онд дипломат харилцаа тогтоожээ. Улмаар 1967 онд Египетийн тухайн үеийн Дэд ерөнхийлөгч бөгөөд парламентын дарга, хожим нь тус улсын Ерөнхийлөгч болсон Анвар Садат манай улсад айлчилж байв. Египетийн талаас төдийгүй Арабын орнуудаас Монголд айлчилсан хамгийн анхны дээд хэмжээний төлөөлөгч нь Анвар Садат юм байна. Дипломат харилцаанд хоёр орны хооронд улс төрийн харилцаа давамгайлж ирсэн бөгөөд Монгол Улсаас Египетэд хийсэн хамгийн өндөр дээд хэмжээний айлчлалыг 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди хийжээ.
Холбоотой мэдээ

