Уур амьсгалын ногоон сан Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-02 14:29:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Уур амьсгалын ногоон сан /УАНС/-гийн гүйцэтгэх захирал Янник Глемарек бараалхлаа.


Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцыг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг олгох, техник, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий УАНС-тай Монгол Улс 2010 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүлийн 10 жилд Монгол Улсыг дэмжиж ирсэн тус сангийн удирдлагад талархал илэрхийлж, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд онцгой анхаарч байгааг онцлов.


Тухайлбал, улам бүр хүрээгээ тэлж буй экосистемийн доройтол, цөлжилтийг бууруулах, шар шороон шуургыг сааруулахад чухал ач холбогдол бүхий тэрбум мод тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг санаачлан ажиллаж байгаагаа хэллээ.


Цаашид Монгол Улс ногоон хөгжлийн бодлогыг чухалчилж, ДНБ-ний нэгээс доошгүй хувийг байгаль орчны салбарт зарцуулах бодлогыг баримтална гэдгээ дурдав. Энэ хүрээнд УАНС-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа хэлж, энэ талаар дэлгэрэнгүй санал солилцов.


УАНС-гийн гүйцэтгэх захирал Янник Глемарек хэлэхдээ, тус сан нь Монгол Улстай хамтран ажиллахдаа таатай байдаг бөгөөд Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах чиглэлд тодорхой санал, санаачилга дэвшүүлэн ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийллээ. Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.

Холбоотой мэдээ