Батлан хамгаалах салбарт 819 мянга 500 ам.долларын буцалтгүй тусламж олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-08 13:19:45

БНТУ-ын Засгийн газраас өнөөдөр Монгол Улсын батлан хамгаалах салбарт 819 мянга 500 ам.долларын буцалтгүй тусламжийг хүлээлгэн өгөв.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2015 онд БНТУ-д айлчлахдаа “Цэргийн салбарын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр" байгуулсан билээ. Хэлэлцээрийн дагуу БНТУ-аас Монголын батлан хамгаалах салбарт 1 сая ам.доллар буюу 3 сая турк лирийн үнэ бүхий тусламжийн бараа, бүтээгдэхүүн олгох болсон.  Өнөөдөр энэхүү тусламжийн эхний хэсгийг хүлээлгэн өгч байгаа юм. Буцалтгүй тусламжид цэргийн алба хаагчийн хамгаалах хэрэгсэл, үүргэвчийн нисэх аппарат, дизель цахилгаан үүсгүүр, борооны хамгаалалт бүхий зөөврийн ЛЕД дэлгэц зэрэг багтсан байна.

Тусламжийг хүлээн авар үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Туркийн Засгийн газраас манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж, жил бүр буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлээд “2015 онд хоёр улсын БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Батлан хамгаалах атташегийн алба нээсэн. Энэ нь хоёр орны батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Мөн хоёр орны Зэвсэгт хүчний Тусгай хүчний бүлгүүдийн хамтарсан "Нүүдэлчин дайчид" хээрийн сургууль жил бүр амжилттай зохион байгуулагдаж байгаа. Цаашдаа батлан хамгаалах салбарын өнөөгийн харилцаа улам бүр хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Тусламжийг хүлээн авах ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БНТУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагоз, БХИС-ийн захирал, хошууч генерал Я.Чойжамц болон бусад албаны хүмүүс оролцлоо

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ