Хүүхдүүдийн 77 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе үргэлжилж байгаа ч эрсдэл сөрсөн шийдвэр гаргаж хичээл сургалтын үйл ажиллагааг хосолмол байдлаар эхлүүлсэн. 9 дүгээр сарын 1-ний өдөр хичээл эхлэхэд "Ковид 19" халдварын тохиолдлын 20 хувийг хүүхдүүд эзэлж байсан юм. Тэгвэл 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар буюу 2 сарын дараа гэхэд энэ тоон үзүүлэлт 19.1 хувьтай байгааг УОК-оос мэдээлж байна.
Өөрөөр хэлбэл, танхимын сургалтыг эхлүүлж, хүүхдүүд сургууль дээр цугласнаар халдвар нэмэгдээгүй болох нь энэхүү үзүүлэлтээс харагдаж байгаа юм.
Халдвар авсан нийт хүүхдийн 62.7 хувь нь Улаанбаатар хотод, 37.2 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бол 0.1 хувь нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Насны бүлгээр нь ялгаж үзвэл:
4 хүртэлх нас 26.2 хувь
5-9 нас 33.9 хувь
10-14 нас 28.1 хувь
15-17 нас 11.9 хувийг эзэлж байна.
10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар халдварын улмаас 3186 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан нийт хүүхдийн 77 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авчээ.
Сургуулийн орчинд халдвар голомтлон тархсан тохиолдол бүртгэгдэхгүй байгаа байгаа гол шалтгаануудын нэг нь багш нар гурав дахь тундаа хамрагдсантай холбоотой юм. Тиймээс хүүхэд багачуудаа эрсдэлээс хамгаалын тулд эцэг эхчүүдийг вакцины нэмэлт тунд хамрагдахыг БШУЯ-наас уриалж байна.