Умард Солонгосын удирдагчийг хар дансанд оруулсныг БНХАУ эсэргүүцэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-07-08 10:06:15

БЭЭЖИН. /NHK/. Хүний эрхийн асуудлаар Умард Солонгосын эсрэг АНУ дангаар хориг арга хэмжээ авсныг эсэргүүцэж байгаагаа БНХАУ-ын ГХЯ мэдэгдлээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд АНУ-ын Засгийн газар анх удаа хориг арга хэмжээ авснаа мэдэгдсэнтэй холбогдуулан Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хун Лей өчигдөр хэвлэлийн бага хурал хийжээ.

Хун хэлэхдээ “хүний эрхийн асуудлуудыг эрх тэгш, харилцан хүндэтгэх зарчмаар, яриа хэлцээ хийж, хамтран ажилласны үндсэн дээр шийдвэрлэх хэрэгтэй гэсэн байр суурийг БНХАУ тууштай баримталсаар ирсэн” гэв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “олон улсын нэрийг барин өөр нэгэн улсад шахалт үзүүлж, хариу арга хэмжээ авч, дангаар хориг арга хэмжээ авахыг БНХАУ эсэргүүцэж байна” гэлээ.

Түүний хэлсэнчлэн, Солонгосын хойгийн нөхцөл байдал одоо ярвигтай бөгөөд эгзэгтэй байна. Тиймээс холбогдох улсууд өдөөн хатгах үйлдэл гаргалгүйгээр Солонгосын хойгийн энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалахын тулд хамтран ажиллах хэрэгтэй гэж тэрбээр хэллээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ