АН-ын бүлэг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслөөр завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-27 13:48:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр хамтран хуралдаж, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авлаа.


Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын багийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахалж буй юм. Ажлын багийн гишүүд Тагнуулын Ерөнхий газар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны газар, Үндэсний Дата төвийн ажилтай танилцсан байна.


Ажлын баг хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай нийцүүлэх, хуулийн төслийн уялдааг хангах, нэр томьёо, хэл найруулга, агуулга, бүтцийн шинжтэй зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн абайнгын хорооны хуралдаанд танилцуулж байна гэлээ. Үүнд:


1. Хуулийн төслийн нэр томьёог Нийтийн мэдээлийн тухай хуулийн төсөлтэй нийцүүлсэн бөгөөд хөрөнгийн мэдээллийг хүний эмзэг мэдээллээс хасаж хүний хувийн мэдээлэлд хамааруулахаар;


2. Иргэний хуулийн 16.3, 16.4-т бүрэн бус чадамжтай иргэнд хувийн мэдээллээ ашиглах шаардлагатай тодорхой төрлийн эрхүүдийг нээж өгөх. Тухайлбал, хоршооны гишүүн байх, банк, зээлийн байгууллагатай харилцах;


3. Төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад “нээлттэй өгөгдөл” бий болгох асуудлыг нэмж тусгах;


4. Сэтгүүл зүйн зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг авахгүй байх талаар;


5. Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихдаа зөвлөмж, шаардлага хүргүүлэх;


6. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болгох талаар;


7. Монгол Улсын Их Хурлын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, санал хураалт явуулахад хүний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-ийг ашиглах зэрэг саналуудыг танилцуулсан юм.


Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


УИХ-ын гишүүд өөрийн гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагчид хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах асуудлыг Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн үйлчлэлд тусгахгүй байхаар оруулсан нь хэр зүйд нийцэж байгааг тодруулж байлаа.


Ажлын багийн гишүүдийн хариулснаар, иргэн хүн ургийн бичиг хөтлөхийн тулд гэр бүлийн гишүүд, үр хүүхдийнхээ тухай мэдээллийг цуглуулж болох бөгөөд энэ харилцааг хуулиар зохицуулах шаардлагагүй гэж үзсэн гэсэн хариултыг өгсөн юм. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл гэдэгт ямар мэдээллийг хамруулах, генетикийн болоод биометрик мэдээлэл, эрүүл мэндийн мэдээллийн нууцлалын талаар гишүүд байр сууриа илэрхийлсэн.


Хуулийн төсөлд хүний эмзэг мэдээлэл гэдэгт  хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, хөрөнгө, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг багтаасан бөгөөд хувь хүний нууцад хамаарна хэмээн тусгасан байна.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авч байгаагаа мэдэгдлээ. Хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын багийн бүрэлдэхүүнд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн багтаагүй болохыг тэрбээр дурдаад хуулийн төслүүдтэй танилцан, судлах хугацаа хэрэгтэй байгаа учир завсарлага авч байгаагаа мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ