Т.Аюурсайхан: Тээврийн хэрэгслийн хохирлыг газар дээр нь барагдуулах тогтолцоо бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-10-27 13:58:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьсан тухай өнөөдөр мэдээлэв. 


Монгол Улсын хууль, тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох УИХ-ын 2021 оны 12 дугаар тогтоолд Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн эрх, үүргийг тодорхой болгохыг заажээ. Энэ хүрээнд Т.Аюурсайхан нарын 20 гишүүн тус хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. 


Хуулийн төсөлд, тээврийн хэрэгсэлд даатгал шаардлагатай бол шууд газар дээр нь хохирлыг барагдуулдаг байх тогтолцоог бүрдүүлжээ. Ингэхдээ, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд цагдаагийн тодорхойлолт шаардахгүй аж.

Мөн тухайн автомашины зөвхөн эзэн нь даатгал төлөхөөс биш, жолооддог хүн бүр төлөх шаардлагагүй болох юм. Харин дуудлагаар үйлчилдэг жолооч нар гэрээний үндсэн дээр хариуцлагын даатгал төлөхөөр зохицуулжээ. 


Жолоочийн даатгалын санд хуримтлагдсан мөнгийг жолооч нарыг соён гэгээрүүлэх, давтан сургах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлд зарцуулахаар төсөлд тусгажээ. 


Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль 2011 онд батлагдаж байсан бөгөөд жолоочийн хохирлыг барагдуулах, эрх ашгийг хамгаалах бус, аж ахуйн нэгжүүдийн ашгийн зарчмаар хэрэгжиж байсныг Т.Аюурсайхан гишүүн тэмдэглэв. Тэрбээр,

"Одоогийн хуулиар, тээврийн хэрэгслийн үнэлгээ хийдэг хүнийг даатгалын компаниас нь томилохоор зохицуулсан. Ингэснээр, учирсан хохирлыг бага дүнгээр үнэлдэг. Мөн нөхөн төлбөрийг үндэслэлгүйгээр олгохгүй байх асуудал гардаг.


Түүнээс гадна цагдаагийн тодорхойлолт шаарддаг учраас цагдаад хандана. Цагдаа нь зөрчлийн оноо хасдаг. Даатгалын компани хохирлын мөнгийг 30 орчим хоногийн дотор дансанд нь шилжүүлдэг зэрэг асуудал бий. Нөгөөтээгүүр, Даатгалын санд хуримтлагдсан мөнгө аж ахуйн нэгжийн ашиг болж үлдэж байна. Энэ нөхцөл байдлыг засах үүднээс хуулийн төслийг боловсруулсан" хэмээв. 


Хуулийн төсөлд, зөвхөн жолоочийн албан журмын даатгалыг хамруулсан бөгөөд бусад арилжааны даатгалын асуудлыг хөндөөгүй гэдгийг эцэст нь тодотголоо. 


Улсын хэмжээнд даатгалын үйлчилгээний 14 компани ажиллаж байна. Ноднин Жолоочийн албан журмын даатгалд 33 тэрбум төгрөгийг төвлөрүүлснээс 17 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгожээ.


Мөн осол гаргадаггүй жолоочийн даатгалд төлөх хураамжийг итгэлцүүрт үндэслэн багаар тооцох зохицуулалтыг нэмж тусгажээ.

Холбоотой мэдээ