“Pfizer”-ын вакциныг таваас дээш насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвлөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-27 09:30:25

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын /FDA/ зөвлөхүүд мягмар гарагт хуралдан “Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд яаралтай журмаар хэрэглэхийг зөвлөжээ.


Вакцин, биологийн бүтээгдэхүүний асуудал хариуцсан зөвлөх хороо “Pfizer-BioNTech”-ийн вакцины судалгааны үр дүнгүүдийн талаар нарийвчлан хэлэлцсэний дүнд вакцины ашиг тус нь эрсдэлээс давна гэж үзсэн байна.


Хүнс, эмийн чанарын хяналтын газрын мэдээлснээр, хүүхдүүдэд хоёр тун вакциныг гурван долоо хоногийн зайтай тарина. Хүүхдүүдийг насанд хүрэгчидтэй харьцуулахад “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд хүндээр өвчлөх, нас барах эрсдэл бага байгаа ч халдвар авч, бусдад дамжуулах эрсдэлтэй юм.


Pfizer-BioNTech”-ийн эмнэлзүйн туршилтаар вакцин 5-11 насны хүүхдүүдэд аюулгүй бөгөөд “COVID-19”-өөр халдварлан шинж тэмдэг илрэхээс 90.7 хувиар хамгаалж буйг тогтоосон юм. Тийнхүү хоёр тунг хийлгэсний дараа тариулсан хэсэгт хөндүүрлэх, сульдах, толгой өвдөх шинж тэмдгүүд хамгийн түгээмэл илэрчээ. Харин вакцин хийлгэснээс үүдэлтэй ноцтой гаж нөлөө илрээгүй байна.


Хүнс, эмийн чанарын хяналтын газар зөвлөхүүдийнхээ зөвлөмжид тулгуурлан вакцинд албан ёсоор зөвшөөрөл олгох эсэхээ эцэслэн шийдвэрлэнэ. Тус байгууллагыг зөвшөөрөл олгосны дараа АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн /CDC/ вакцины зөвлөх бүлэг хуралдаж, вакцины үр дүн, аюулгүй байдлын талаар хэлэлцэнэ. 


Энэхүү уулзалтыг ирэх 11 дүгээр сарын 2, 3-ны өдрүүдэд товлоод байгаа бөгөөд зөвшөөрөл олгосон тохиолдолд вакциныг бага насны хүүхдүүдэд нэн даруй хэрэглэж эхэлнэ. Одоогоор АНУ-д "Pfizer"-ын вакциныг 12-15 насныханд яаралтай журмаар хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа бол 16-гаас дээш насныханд хэрэглэх зөвшөөрлийг эцэслэн батлаад байгаа юм.

Холбоотой мэдээ