Улз голыг тахилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-10-26 18:36:52

Дорнод /МОНЦАМЭ/. Улз голыг анх удаагаа тахилаа. Байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, түүх соёл, зан заншлаа хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор аймгийн ИТХ-аас Хэрлэн, Онон, Халх гол, Улз, Галын голыг аймгийн тахилгатай болгож, таван жилд нэг удаа тахиж аргадах тухай шийдвэрийг 2017 онд гаргасан байдаг. Энэ дагуу Онон голыг 2018, Хэрлэн голыг 2019, Халх голыг 2020 онд тахиж байсан бол намрын адаг нохой сарын билигт сайн өдөр Улз голын тахилгыг аймгийн бурхан шашинтны төв Данригданжаалин хийд, Угтамын хийдийн лам хуврагуудтай хамтран зохион байгуулсан байна. Тахилгад Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Гурванзагал, Чулуунхороот, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Норовлин сумын удирдлага, нутгийн иргэдийн төлөөлөл оролцжээ.

Холбоотой мэдээ