НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-10-26 16:03:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын 3 дугаар улирлын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлж байна. Энэ улиралд урьдчилсан байдлаар 1.120.907 иргэнд 56.3 тэрбум төгрөгийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж буйг Татварын ерөнхий газраас мэдээллээ

НӨАТ-ын 2 хувийн буцаалтыг иргэдэд 2020 оноос эхлэн улирал бүр олгож байгаа юм. Нэмж мэдээлэхэд, НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн татварыг буцаан олгох журамд “Албан татвар төлөгчийн буцаан олголт авах урамшууллын дүнгээс татвар төлөгчийн хүсэлтээр бусад төрлийн албан татвар, төлбөр, хураамжид суутган тооцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт орсон. 


Энэ улиралд 56.3 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж байна.



Тиймээс энэ улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголт авах иргэн хүсвэл буцаан олголтын урамшууллын мөнгөөрөө татварын албанд бүртгэсэн хөрөнгийн албан татвараа гүйлгээний шимтгэлгүй, цахимаар төлөх боломжийг ebarimt системд бүрдүүлжээ. Дээрх өөрчлөлтийг хэрэгжүүлснээр энэ онд үүссэн хөрөнгийн албан татвараа төлөөгүй байгаа 100 гаруй мянган татвар төлөгч гүйлгээний хураамжид суутгуулдаг 20.5 сая төгрөг, арилжааны банкаар татвар төлөхтэй холбогдон гардаг банкны гүйлгээний шимтгэл 43.2 сая төгрөг, нийт 63.7 сая төгрөгийн эдийн засгийн хэмнэлт гарахаар байгаа аж. 

Энэ оны 3 дугаар улирлын буцаан олголтыг энэ сарын 22-ноос эхлэн иргэд, ААН-үүдийн дансанд шилжүүлж эхэлсэн бөгөөд энэ 7 хоногт багтаан бүрэн олгох юм байна.

Холбоотой мэдээ