Үндэсний баяр наадмаар түр зуурын ширүүн бороотой байх нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2016-07-07 18:08:53

Цаг уур, орчны шинжилгээний газраас  өнөөдөр Үндэсний баяр наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх тухай мэдээллийг өглөө.

Наадмын өдрүүдээр нийт нутгаар 5-10 градусаар сэрүүсч түр зуурын ширүүн аадар бороо орно. Мөн салхи зарим газраар 18-20 м/с хүрэх тул учирч болзошгүй аюулаас болгоомжлохыг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн дарга Б.Цогтбаяр нийт ард иргэдээ хандан анхааруулав.

Баруун аймгуудын нутгаар 10-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. 11, 12-нд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орох нь. Салхи баруун хойноос 5-10 м/секунд байх ба Алтай, Хангайн уулархаг нутгаар өдөртөө 15-20, шөнөдөө 5-10 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 26-31, шөнөдөө 16-21 градус, бусад нутгаар өдөртөө 21-26, шөнөдөө 12-17 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар 10-нд ихэнх нутгаар бороо орно. 11-нд нутгийн хойд хэсгээр, 12, 13-нд зарим нутгаар дуу цахилгаантай бороо орох гэнэ. Салхи баруун хойноос 10-нд зарим газраар түр зуур 16-18 м/секунд хүрч ширүүсч, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 15-20, шөнөдөө 5-10 градус, бусад нутгаар өдөртөө 20-25, шөнөдөө 10-15 градус дулаан.

Зүүн аймгуудын нутгаар 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд зүүн хэсгээр бороо орно. 10-нд баруун өмнөөс салхи, бусад хугацаанд хойноосоо 7-12 м/секунд байна. 10-нд өдөртөө 33-38, шөнөдөө 17-22, бусад хугацаанд өдөртөө 23-28, шөнөдөө 15-20 градус дулаан байх юм.

Говийн аймгуудын нутгаар 10-нд зарим газраар, 11-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. 12-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороотой. Салхи 10-ны өдөр түр зуур 18-20 м/секунд хүрэх юм. Дундговийн нутгаар өдөртөө 28-33, шөнөдөө 14-19, бусад нутгаар өдөртөө 33-38, шөнөдөө 18-23 градус.

Улаанбаатар орчмоор 10-нд бороо зүсэрнэ. 11-13-нд түр зуурын бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 10-нд түр зуур 12-14 м/секунд хүрч ширүүсэх нь. Өмнөх хоногуудаас сэрүүсч өдөртөө 20-25, шөнөдөө 12-17 градус хүрэх урьдчилсан мэдээ гарчээ.

З.Эрэвгийлхам

Холбоотой мэдээ