Энэ долоо хоногийн сүүлээр нийт нутгаар бага зэрэг хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-10-26 12:48:43

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг УЦУОШТ-өөс танилцууллаа.

Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд зарим сумын нутгаар салхины хурд ширүүсэж секундэд 10-18 метр хүрч, шороон болон зөөлөн явган шуургатай байсанХарин сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун дулаахан байв. 

Цаашид буюу энэ сарын 28, 29-ний өдөр уулархаг нутгаар, ирэх 11 дүгээр сарын 1-нд зарим газраар хур тунадас, цас орно. 

Салхи энэ сарын 30, 31-ний өдөр болон ирэх 11 дүгээр сарын 1-нд зарим газраар 6-11м/с байна. Алтайн салбар уулсаар 12-14м/с, зарим үед 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй. Харин бусад хугацаанд салхи баруунаас 4-9м/с байна.

Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй байгаа юм.

Энэ сарын 29-ний өдрөөс Ховд аймгийн нийт нутгаар бага зэрэг хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.  

Холбоотой мэдээ