Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-10-26 07:14:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.


Төслийг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг танилцуулахдаа ирэх оны төсвийн төслийг хөдөлмөр, бүтээмж, өсөлтийг дэмжихэд чиглүүлснээ онцлов. Энэ хүрээнд худалдаа, бизнесийг хөнгөвчлөх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэн экспортыг өргөжүүлэх, хөгжлийн томоохон төслүүдийг эхлүүлж, ажлын байр, бүтээмжийг сайжруулан, эдийн засгаа тэлэх зорилт дэвшүүлснийг дурдав. Мөн төр зардлаа танаж, цомхон, чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг богино хугацаанд хийж, үр дүнд хүрэх шинэчлэлийн томоохон зорилт дэвшүүлсэн байна. Эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд төр зардлаа хэмнэх, оновчтой байдлаар дахин хуваарилах, төрийн үйлчилгээг цахимжуулах зэрэг бүх шатны төсвийн байгууллагууд хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллана гэлээ.


Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав. Тэрбээр,"төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг гаргахдаа төсвийн орлого нэмэх, төсвийн зарлага бууруулах, санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарсан. Улмаар УИХ-д төсвийн орлого нэмэх хоёр асуудлыг толилуулж, Засгийн газарт төсвийн санхүүжилтийн үр ашгийг сайжруулах таван зөвлөмж өглөө. Тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн нотолгоо, үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Тухайлбал төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2022-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй байна" гэв.


Танилцуулгуудтай холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Б.Бейсен, Ж.Мөнхбат. Б.Бат-Эрдэнэ нар хууль санаачлагчаас болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал хэлж, байр сууриа илэрхийлэв.


Хуралдааны үеэр Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчид буюу Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдлагууд 2022 оны төсвийн төсөлд тухайн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой хэмжээнд төсөв тавигдсан талаар мэдээлэл өглөө.


Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Ийнхүү Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтсон юм.

Холбоотой мэдээ