Нийслэлийн 149 дүгээр сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ч суралцах таатай нөхцөл бүрджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-10-20 19:59:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт шинээр барьж байгуулсан 149 дүгээр сургуультай танилцуулах хэвлэлийн аяныг Японы Элчин сайдын яам болон ЖАЙКА олон улсын байгууллагаас өнөөдөр зохион байгууллаа.


Япон Улсын Засгийн газрын 2 тэрбум 379 иений буцалтгүй тусламжийн хүрээнд ЖАЙКА байгууллагын төслөөр нийслэлд дөрвөн сургуулийн барилга болон өргөтгөлийг 2017-2021 онд гүйцэтгэсэн. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн 7-р хорооны 149-р сургууль юм.


Тодруулбал, Япон Улсын “Жайка” олон улсын байгууллага 2017 оны 1 дүгээр сараас “Улаанбаатар хотын бага дунд боловсролын сургуулийн барилга байгууламжийг сайжруулах” төслийн судалгааны ажлыг гүйцэтгэж, мөн оны 11 дүгээр сарын 30-нд Монгол Улсын Засгийн газартай төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Уг төслийн хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар нийслэлд 2 сургууль, 2 сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байна. Үүнд:

1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 720 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургууль

2. Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийг буулгаж, 920 хүүхдийн хүчин чадалтай болгон шинээр барьсан бол, 

3. Налайх дүүргийн 109 дүгээр сургуулийн 320 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл

4. Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 480 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөл тус тус багтаж байгаа юм.




Өмнө нь ЧД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт сургууль байгаагүй аж. Нэг ээлжиндээ 720 хүүхдийн суудалтай, хоёр ээлжинд 1400 хүүхэд хичээллэх боломж бүхий, дэлхийн жишигт нийцсэн сургуультай болсноор тус хорооны, сургуулийн насны 2700 гаруй хүүхэд харьяаллын дагуу суралцаж эхэлсэн байна. Уг сургууль 5040 ам метр талбайтай бөгөөд 18 анги танхимтай ба үүний хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулагджээ. Энэ хичээлийн жилийг 780 сурагч, 70 багш, ажилчинтайгаар эхлүүлж байгаа аж. Түүнчлэн тус хороонд хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй хүүхэд байдгаас эмчийн бичигтэй, эцэг эх нь зөвшөөрсөн, суралцах боломжтой дөрвөн хүүхэд нь суралцдаг байна.


Олон улсын стандартын дагуу тус сургуулийн барилгын материал нь байгальд халгүй, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээг нэвтрүүлжээ. Сургуулийн хэрэглээнээс гарч буй бохир усыг цэвэрлэх байгууламждаа цэвэршүүлэн газрын хөрсөнд шингээдэг технологийг ашигладаг талаар тус сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн онцолж байлаа. Технологи, хүүхэд хөгжил, урлагийн болон лекцийн танхимтай, биологи, хими, физикийн туршилтын лабораторитой, лаборатори бүр хичээлийн хэрэглэгдэхүүн хадгалах агуулахтай, номын сан, спорт заал, мэдээллийн технологи, багшид хичээлээ бэлтгэх өрөөг хүртэл шийдвэрлэж өгчээ.


Манай улсын 656 сургуулийн 242 нь газар хөдлөлтөд тэсвэртэй зураг төслөөр баригдаагүй гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл 149-р сургууль газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй ба гамшгийн үед хоргодох байр, агуулахаар ашиглах боломжтой аж.




Түүнчлэн хичээлийн танхимын хаалганууд нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан, анги танхим бүр налуу болон энгийн толь, угаалтууртай, сурагч бүр хувцас, эд зүйлсээ хийх шүүгээтэй. Анги бүр шохойгоор бичдэг самбар бус шилэн самбартай тул зориулалтын маркер, нано алчуур ашигладаг ажээ. Гал тогооны хэсэг болон ариун цэврийн өрөөний шаланд нян үрждэггүй хулдаас дэвссэн байлаа.




Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бие даан чөлөөтэй зорчих таатай нөхцөлийг бүхий л хэлбэрээр бүрдүүлж бүх давхрыг холбосон налуу зам, шатны бариул дээр брайль үсгийн тэмдэглэгээ зэргийг тавьж өгсөн байв.




Сургуулийн дунд хэсэгт хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэг хүрээлэнтэй. Энд хүүхдүүд дулаан улиралд танхимын бусаар хичээллэх боломжтой байхаар тохижуулжээ.




Хэвлэлийн аяны үеэр зарим хүний сэтгэгдлийг хуваалцсан юм. Япон Улсын Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Акира Ичиока, “Би энэ сургуультай анх удаа ирж танилцлаа. Анги танхим төдийгүй биеийн тамирын заал, биологи, химийн лабораторитой өндөр чанартай сургууль байна. Монголын бага болон ахлах ангийнхан бүгд ийм сайхан сургуульд хичээллэснээр сурч хөгжих чанар нь илүү дээшилнэ гэж бодож байна” хэмээн ярив.




Харин149-р сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулахдаа, “Бид журмынхаа дагуу хамран сургах тойргийн хүүхдүүдийг элсүүлдэг. Манай сургуулийн нэг анги энэ жил дунджаар 27 сурагчтай. Гэвч бид 5/9-ийн зарчмаар хичээллэж байгаа. Мөн хамран сургах тойргийн хүүхдүүдийг элсүүлдэг ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сургах гэсэн эцэг эхчүүдийн хүсэлтийг хүлээж авах боломжтой. Цаашдаа бид багш нараа шинэ хөтөлбөрүүдэд хамруулан сургаж энэ тал дээр мэргэшүүлнэ” хэмээж байв.


149-р сургуулийн 7в ангийн сурагч Виктор Константин, “Манай сургуулийн маш олон зүйл надад таалагддаг. Би энэ сургуульд сурснаар маш олон зүйлийг сурч авсан. Мөн стандартад нийцсэн тухтай орчинд суралцаж, сайхан харилцаатай багш нараар хичээл заалгаж байгаа учраас би хичээлээ сайн ойлгодог” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм.











Холбоотой мэдээ