АНУ-д сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-10-20 14:19:12

ВАШИНГТОН. /APA/. АНУ-ын сэтгэл зүйчдийн эрэлт хэрэгцээ өнгөрсөн жилтэй харьцуулахад ихээхэн нэмэгдсэн болохыг тус улсын Сэтгэл судлалын нийгэмлэгээс /APA/ гаргасан шинэ судалгаа харуулжээ.


Тодруулбал, сэтгэл зүйчдийн ажлын ачаалал цар тахлын өмнөх үеийнхээс нэмэгдсэний зэрэгцээ үйлчлүүлэгчдийн хүлээлгийн жагсаалт урт болж, шинэ өвчтөнүүдийг хүлээж авахад хүчин чадлын хувьд дутагдалтай байгаа талаар тус улсын сэтгэл зүйчид мэдээлсэн байна.


Мягмар гарагт танилцуулсан судалгааны үр дүнгээс үзэхэд, сэтгэл зүйчдийн 84 гаруй хувь нь цар тахал дэгдэж эхэлснээс хойш сэтгэл түгших эмгэгийг эмчлэх эрэлт хэрэгцээ жилийн өмнөхтэй харьцуулахад нэмэгдсэн гэжээ.


Cэтгэл зүйчдийн 72 хувь нь сэтгэл гутралын эмгэгийг эмчлэх эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн онд сэтгэл гутралтай үйлчлүүлэгчдийн тоо 60 хувиар өссөн гэж мэдэгджээ.


Үүний зэрэгцээ илүү их эрэлт хэрэгцээтэй байгаа эмчилгээний бусад чиглэлд нойрны эмгэг, ямар нэгэн бодисоос хамаарал бүхий донтох эмгэгүүд багтаж байгаа аж.


"Бид сэтгэцийн эрүүл мэндийн “цунами”-тай тулгарч байна" гэж АНУ-ын Сэтгэл судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Артур Эванс онцолсон байна. 

 

Холбоотой мэдээ