Монгол-Украины цахим бизнес уулзалтад 30 ААН-ийн төлөөлөл оролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Украин улсын
компани, ААН-үүдтэй хамтран ажиллах сонирхолтой ААН-үүдэд Дипломат төлөөлөгчийн
газрууд бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Хоёр
улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах шаардлагатай байгааг өчигдөр МҮХАҮТ-д болсон Монгол-Украины “Хоёр
талын хамтын ажиллагааны төлөв” сэдэвт цахим бизнес уулзалтад оролцогчид хөндөж
байв.
МҮХАҮТ, Украины Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран
хоёр улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэй зохион байгуулсан уг уулзалтад Украин улсаас БНХАУ болон Монгол Улс дахь хэргийг түр хамаарагч хатагтай
Лещинская Жанна, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа /Украиныг
давхар хариуцдаг/ Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Монгол Улсаас Украин
Улсад суугаа Өргөмжит консул ноён Эдуард Рубан, хоёр улсын ГХЯ-ны төлөөлөл
болон Монгол, Украины хөдөө аж ахуй, хүнс, барилга, эрчим хүчний
салбарын 30 компанийн төлөөлөл оролцов. Уулзалтаар хоёр орны эрчим хүч, тээвэр зуучийн
салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй зүйлийн талаар хэлэлцсэн юм.
Уулзалтын дүнд цаашид салбар, салбарын уулзалтуудыг илүү өргөн хүрээтэй зохион байгуулахаар тохиролцлоо.