Австралид хязгаарлалтын арга хэмжээг сулруулна

Дэлхийд | Эрүүл мэнд
anudaritsagaan@gmail.com
2021-10-19 15:45:06

КАНБЕРРА. /ABC/. Австралид “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр зорилтот түвшинд хүрсэнтэй холбогдуулан тус улсын нийслэлд хэрэгжиж буй хязгаарлалтын арга хэмжээг сулруулахаар болжээ.


Австралийн нийслэлийн нутаг дэвсгэр /ACT/ нь 12-оос дээш насны хүн амын 80 хувийг вакцинд бүрэн хамруулсан тус улсын анхны бүс нутаг болсон байна.


"Вакцинжуулалтын түвшин 80 хувьд хүрсэн нь маш чухал амжилт юм. Энэ оны арваннэгдүгээр сарын сүүлч үе гэхэд вакцинжуулалтад хамрагдах боломжтой иргэдийн 99 орчим хувийг дархлаажуулах бүрэн боломжтой" гэж Австралийн нийслэлийн нутаг дэвсгэрийн эрх баригчид өнөөдөр мэдэгджээ.


Түүнчлэн энэ сарын 29-нөөс эхлэн үйлчилгээний газруудыг 300 хүртэлх хүнтэй байлгахыг зөвшөөрч, олон нийтийн газар амны хаалт заавал зүүх шаардлагагүй болохыг онцолсон байна.


Мөн Австралийн нийслэлийн нутаг дэвсгэр болон Шинэ Өмнөд Уэльс мужийн хооронд зорчих хөдөлгөөнийг ирэх сарын 1-ээс эхлэн хэвийн болгох аж.


Австралид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2046 тохиолдол шинээр бүртгэгдэж, 15 хүн халдварын улмаас нас баржээ.


Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 16 ба түүнээс дээш насны иргэдийн 84.8 хувь нь эхний тунг хийлгэсэн бол 68.3 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ. 

Холбоотой мэдээ