Орон нутаг дахь төрийн өмчийн их, дээд сургуулиудыг бодлогоор дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-10-19 10:49:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын баг Завхан аймагт ажиллав.


Тус аймагт МУИС-ийн Завхан сургууль, СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллеж бий.

 

МУИС-ийн Завхан сургууль: 47 жилийн түүхтэй тус сургууль баруун бүсэд эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж байна. 960 оюутны хүчин чадал бүхий хичээлийн байр, 180 оюутны дотуур байртай. Өнөөдрийн байдлаар бакалавр, магистрын хөтөлбөрт нийт 205 оюутан суралцаж байна. Эдийн засаг, бизнесийн чиглэлээр 11 мянга гаруй боловсон хүчин бэлтгэсэн бөгөөд тэдний 85 орчим хувь нь баруун бүсийн банк, санхүүгийн салбарт ажиллаж байгаа юм.

Тус сургуулийн удирдлагууд орон нутагт суралцагчдад зориулсан тэтгэлэг олгох, элсэлтийн босго оноог өөрчлөх, орон нутгийн боловсон хүчнийг чадавхжуулах, баруун бүсийн нийгэм, эдийн засгийн судалгааны төв, багш, судлаачдын судалгааны ажил хийх дадлагын бааз зэргийг байгуулах, багш, ажилтны нийгмийн асуудалд анхаарах зэргийг хөндөж байлаа.

 

СУИС-ийн салбар Хөгжим бүжгийн коллеж:

Энэ хичээлийн жилд 42 багш, 197 оюутан, суралцагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багш нарын 65 хувь нь мэргэжлийн багш, 35 хувь нь ерөнхий эрдмийн багш нар байдаг. Суурь боловсрол, төрөлжсөн сургалт, мэргэжлийн боловсрол олгох болон бакалаврын боловсрол олгох хөтөлбөрүүдтэй. Тус сургууль нь 400 гаруй хүүхдийн хүчин чадалтай хичээлийн хоёр байр, 80 хүүхдийн багтаамжтай дотуур байртай. Сургууль нь Швейцарын хөгжлийн агентлагаас зарласан уралдаанд оролцож, 29 нэр төрлийн 140 ширхэг хөгжмийн зэмсгийг шинэчилжээ.

Сургуулийн удирдлагууд дээврийн засвар хийх, компьютер, тоног төхөөрөмжийг шинэчлэх, дутагдалтай багш, боловсон хүчнийг хангах, багшийг чадавхжуулах, бүжгийн ангийн сургалтад бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бий болгох зэрэг саналыг хэллээ.

БШУ-ы дэд сайд сургуулийн удирдлагуудтай уулзах үеэрээ хэрхэн сургуулийнхаа үйл ажиллагааг дэмжих, оюутнуудынхаа тоог яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ. Дотооддоо орлогоо нэмэгдүүлэх боломжоо тооцоолж, оюутан, суралцагчдынхаа суралцах орчин нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна. Салбарын яамнаас орон нутгийн сургуулиудад зээлийн сангийн тэтгэлгийг олгодог болох, орон нутгийн оюутнуудын төлбөрийг 50 хувь хөнгөлөх, багш нарт тэтгэлэг олгох зэрэг асуудлыг судалж байна гэж БШУЯ мэдээлэв.



Холбоотой мэдээ