УЛААНБААТАР КИНО НААДМААС ОНЦЛОХ МОНГОЛ БҮТЭЭЛҮҮД

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-10-18 15:48:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 


Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Соёл, Урлагийн Газар, Монголын Урлагийн Зөвлөл нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс”-тэй хамтран Соёлын Яам, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яам, Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Оросын Соёл Шинжлэх Ухааны төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг 13 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өнөөдөр нээлтээ хийх билээ.


Энэ оны кино наадмын хөтөлбөрт “Нээлтийн киноны уралдаан”, “Монгол киноны уралдаан”-т хэсэг, Онцлох орон ОХУ-ын үзвэр, Олон улсын кино үзвэр ба “Үзэхийн хязгаар”, Ази киноны үзвэр зэрэг хэсгүүд багтсан юм. Тус кино наадмаар үзэгчдийн хүртээл болох монгол кинонуудын тухай онцлон хүргэж байна


АРДЫН ЭЛЧ


Өнгөрсөн жил “Улаанбаатар” олон улсын кино наадам “Үзэхийн хязгаар” хэсэгт найруулагч Р.Доржпаламын “Говийн зэрэглээ” киног үзэгчдэд хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад 1959 оны Москвагийн олон улсын анхдугаар кино наадамд оролцсон “Ард элч” бүтээлийг толилуулахаар болжээ. Энэ жил манай орны хувьд Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиосныг ч давхар бодолцож зохион байгуулагчдын зүгээс тус сонголтыг хийсэн шиг санагдана. Дээр дурдсан кино наадмаас “Ардын элч” киноны Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрийн мөнгөн медаль хүртжээ.


Киноны үйл явдал нь Монгол Улсын 1921 оны Ардын хувьсгалын үйл хэрэгт жирийн малчин ард хэрхэн оролцож байсныг харуулна. Чингэхдээ Бүх цэргийн Их жанжин Д.Сүхбаатарт хүргэх нууц бичгийг авч явсан Дарьбазар дайсны гарт өртөж, амь үрэгдэхийн өмнө өөрийн зорьсон үйл хэргийг үргэлжлүүлэхийг гэргийдээ даатган дамжуулснаар Ариунаа зориг зүтгэл, авхаалж самбаа гаргаж, дайсны элдэв мөрдлөгөөс амь мултарч, их жанжин Сүхбаатартай нүүр тулан учирч буй тухай өгүүлжээ. 


ГЭГЭЭН УЧРАЛ


Залуу найруулагч Б.Буянбатын “Гэгээн учрал” кино цар тахлын хөл хорио сулармагц театруудад гарч эхэлснээр шүүмжлэгч, үзэгчдээс нэлээдгүй өндөр үнэлгээ авч чадсан бүтээл юм. Учир нь хагас жил гаруй хаалгаа барьсан кино театрууд нээгдэж ихэвчлэн олон улсын бүтээлүүд гаргаж байсны дотор ганц монгол кино байсан нь тэр болохоор илүү онцлог санагдсан байж мэднэ. Ямартаа СУИС-ийг төгсөөд удаагүй залуу уран бүтээлчид нийлж “Зэв фильм” уран бүтээлийн нэгдэл байгуулж анхны бүрэн хэмжээний киногоо “Гэгээн учрал” нэртэйгээр үзэгчдэд хүргэсэн юм. Тус бүтээл Улаанбаатар олон улсын кино наадмын “Монгол кино хөтөлбөр”-т сонгогдсон бөгөөд энэ сарын 20-нд дэлгэцнээ гарна.


ЦАСАН ХҮН


“Тоонот пикчерс”-ийн гурав дахь уран бүтээл болох “Цасан хүн” уран сайхны кино өнгөрсөн сарын сүүлчээр нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Нийгэмд чимээгүйхэн дэгдэж буй олон эмзэглэлүүд бидний дунд бий. Заримыг нь өвчин шиг идэж, шархлуулах боловч хэн нэгэн олж хардаггүй зовиур бол сэтгэл гутрал. Үүнийг сүүлийн үед “чимээгүй тахал” гэж дэлхий нийтээр нэрлэх болсон бөгөөд энэ сэдвийг улс орнууд тоохгүй орхигдуулах нь төдийлөн сайн зүйл биш гэдгийг мэдэх болжээ. Энэхүү сэтгэл гутралд автах эмзэглэлийг найруулагч Б.Батбаатарын драм, уран сайхныг хослуулсан “Цасан хүн” киноноос үзэх болно. Хөндөх сэдвүүд зөвхөн сэтгэл гутралаар ч бас дуусахгүй.


ТОМ ТОГЛООМ


Өдгөө Монголын урлаг соёлын салбарт хүүхдийн жүжиг, кино, ном зохиол хамгийн цөөн тоогоор үйлдвэрлэгддэг. Мэдээж энэ салбар оргүй хоосон биш боловч орон зайг нөхөгсөд нь цөөн гэсэн үг. Тэгвэл “Brosis pictures”-ийн уран бүтээлчид 2017 оноос эхлэн “Том толгойтын адал явдал” хүүхдийн киног үзэгчдийн хүртээл болгож, найман цуврал гаргахаар ажиллаж буй. Тэд энэхүү цувралаа үргэлжлүүлэн “Том тоглоом: Гурван эрдэнийн эрэлд” уран сайхны киног “Мэгүүн медиа”-тай хамтран бүтээсэн билээ.


Хэзээ ч салахгүй юм шиг нөхөрлөж байсан Баатараа Золбоо хоёр Баатараагийн гэр нүүснээс болж нөхөрлөлд нь ан цав гарч, бие биедээ гомдоно. Нөхөрлөлөө авч үлдэхийн тулд Баатараа Золбоогоос уучлалт гуйхаар очих боловч санамсаргүйгээр нууцлаг ертөнц рүү орж явчихна. Яг л үлгэр домогт гардаг зүйлсээр дүүрэн, зүүдний ертөнцөд гацсан Золбоогийн ховсыг тайлахын тулд хоёр найз гурван эрдэний эрэлд гардаг. Тэд нуугдсан гурван эрдэнийг олж чадах болов уу? гэх асуулт киноны зангилаа болно.


Z.OE 41


“ОTZ media”-ийн анхны бүтээл болох “Z.OE 41” антологи цуврал нь Канадын "Fantasia film festival" болон Английн "First Time Filmmaker sessions", БНСУ-ын “Bucheon international Fantastic Film Festival”, Украйны “DYTIATKA international childrens media festival” зэрэг олон улсын наадмуудын уралдаант хэсэгт шалгараад байгаа юм. Тус бүтээлийн найруулагчаар Б.Энхтулга, Б.Оюунбаатар нар ажилласан бөгөөд өнгөрсөн 7 сараас "Amazon Prime" платформд байршуулжээ.


“Z.OE 41” антологи цувралын хувьд нэгдүгээр бүлэг нь "Wish you were here", "Please come back", "How to spend your first night", "Back to the memories", "Bystander effect" гэсэн таван ангитай юм. Хүн өөрийн хүссэн зүүдээ зүүдлэх боломжийг бий болгосон Z.OE 41 гэх зүүдний төхөөрөмжөөр холбогдсон таван өөр түүх, үйл явдал, төрөл жанрыг багтаасан байна.


Зургийн эвлүүлэг | Ч.Од



 

Кино сонирхогч, үзэгчид “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмын хүрээнд 2021 оны 10-р сарын 18-24-ны өдрүүдэд гарах бүх киног Тэнгис кино театр хүрэлцэн ирж үзэх боломжтой. Наадмын хөтөлбөр, кино танилцуулгыг www.facebook.com/ubiff болон www.ubiff.mn хаягаар авна уу.



Холбоотой мэдээ