Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunbold@montsame.mn
2021-10-18 12:02:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэгдлээ.


Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, “Түгээмэл хөгжил” төв, Монголын Эпилепсийн холбоо хамтран Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй хайлаас мод тарилаа.


“Бид хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй ч, энэ нь аливаа зүйлийг чадахгүй гэсэн үг биш. Үндэсний хөдөлгөөнд бусдын адил идэвхтэй оролцохоо илэрхийлж байгаа юм” гэж мод тарихад оролцсон иргэд онцолж байлаа.


Ирэх жил Сонгинохайрхан дүүрэг дэх “Бумбатын рашаан” цэцэрлэгт хүрээлэнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрэмжит төгөл байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд иргэдийг мод үржүүлж, худалдан борлуулахыг дэмжинэ гэдгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын төлөөлөл хэллээ.


Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 108 мянга гаруй иргэн байна.

Холбоотой мэдээ