Японы Ерөнхий сайд Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-17 10:33:30

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Кишида Фүмио синто шашны Ясүкүни сүмд өргөл барьц илгээлээ гэж “NHK” телевиз мэдээллээ.


Тэрбээр сүмийн намрын тахилга эхэлсэнтэй холбоотойгоор өргөл барьц илгээсэн байна. Кишида Японы мөнх ногоон сакаки модны мөчрийг цагаан туузаар чимэглэсэн "масакаки" гэдэг бэлэг явуулжээ. Японы Ерөнхий сайдаас гадна тус улсын шинэ Засгийн газрын зарим гишүүн, мөн парламентын гишүүд өргөл барьц илгээх төлөвтэй байна.


Японы милитаризмын бэлгэ тэмдэгт тооцогддог уг сүмд хамгийн сүүлд 2013 оны 12 дугаар сард тус улсын Ерөнхий сайд  биечлэн очиж байсан нь Абэ Шинзо юм. Тухайн үед түүнийг сүмд очсоныг БНХАУ болон БНСУ-ын эрх баригчид эрс шүүмжилж, гурван орны харилцаа хурцдаж байв. Үүнээс хойш Абэ жилд гурван удаа хавар, намрын тахилгын үеэр болон Дэлхийн II дайнд Япон улс бууж өгсөн өдөр буюу наймдугаар сарын 15-ны өдөр зөвхөн өргөл барьц илгээдэг болжээ. Тэрбээр огцорсныхоо дараа парламентын гишүүний хувиар Ясүкүни сүмд байнга мөргөл үйлддэг болсон байна. 

Японы синто шашны уг сүмд XIX зууны дунд үеэс хойш байлдааны талбарт амь үрэгдсэн Японы бүх цэргийн нэрсийн жагсаалт хадгалагддаг. Уг жагсаалтад цэргийн гэмт хэрэгтэнд тооцогдож, Токиогийн шүүх хурлаар (1946-1948) цаазын ял авсан хүмүүсийн нэрс байдаг ажээ. Тиймээс Ясүкүни сүмд Японы албаны хүмүүс очих, өргөл барьц өргөх бүрт Дэлхийн II дайны үед Японы түрэмгийлэлд өртөж байсан Хятад, Өмнөд Солонгос зэрэг Азийн улс орнууд уг үйлдлийг доромжлол гэж үзэн эсэргүүцсээр иржээ. 

Холбоотой мэдээ