Их Британийн парламентын гишүүн сонгогчидтой уулзах үеэр амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-10-16 09:34:28

ЛОНДОН. /BBC/. Их Британийн парламентын гишүүн Дэвид Эмесс баасан гаргийн орой Эссекс гүнлигийн зүүн өмнөд хэсэгт орших Ли-Он-Си хотын сүмд депутатын хүлээн авалт хийж, сонгогчидтой уулзах үеэр хутгалуулж амиа алджээ.


Эссекс гүнлигийн цагдаагийн газраас сомали гаралтай 25 настай Их Британийн иргэнийг хүн амины хэрэгт сэжиглэн саатуулсан гэж мэдээлж байна. Уг эрэгтэй хэргийг ганцаараа үйлдсэн гэж цагдаа нар үзэж байгаа аж.


Хожим нь цагдаагийн байгууллага дээрх хэргийг террорист халдлага гэж мэдэгдсэн байна.


Аравдугаар сарын 15-ны орой Английн зүүн хэсэгт орших Ли-Он-Си хотын сүмд сонгогчидтой уулзах үеэр Эмесс халдлагад өртсөн байна. Тэрбээр хэд хэдэн хутганы шарх авч, удалгүй нас баржээ.


Гэмт хэргийн мөрдөн байцаалтыг Их Британийн цагдаагийн газрын терроризмтой тэмцэх алба гүйцэтгэж байгаа аж.


Дэвид Амесс нь Их Британийн парламентын гишүүнээр 40 орчим жил ажиллажээ. 2015 онд тэрбээр рыцарийн зэрэг хүртсэн байна.


Тэрбээр католиг шашинтан байсан бөгөөд энэ нь түүний улс төр, нийгмийн үзэл бодлоор илэрхийлэгддэг байв. Тодруулбал үр хөндүүлэх, ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцдэг байжээ.


Вестминстер дэх Гэгээн Петрийн сүмд Дэвидийг дурсах цуглаан болсон байна. Мөн гашуудлын тэмдэг болгож Даунинг гудамжин дахь Их Британийн Ерөнхий сайдын өргөөн дээрх төрийн далбааг бөхийлгөжээ. Ерөнхий сайд Борис Жонсон дэлхийн улс төр дэх хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүсийн нэгд тооцогддог Дэвид Эмессийг амиа алдсаныг сонсоод маш их цочирдож, гүнээ харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. 


Энэ нь Их Британийн парламентын гишүүдэд халдсан анхны тохиолдол биш юм. 2016 оны зургаадугаар сард Лейборист намын гишүүн, 41 настай Жо Кокс Английн Лидс хотын ойролцоох Бёрстал тосгон дахь хүлээн авах өрөөнийхөө гадаа амиа алдаж байжээ.


Холбоотой мэдээ