Ирландад инфляцийн түвшин сүүлийн 13 жилд байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
anudaritsagaan@gmail.com
2021-10-15 16:30:07

ДАБЛИН. /The Irish Times/. Ирландад цахилгаан эрчим хүчний үнийн өсөлттэй холбогдуулан инфляцийн түвшин есдүгээр сард сүүлийн 13 жилд байгаагүй дээд хэмжээнд хүрсэн гэж тус улсын Статистикийн төв газраас /CSO/ пүрэв гарагт мэдээлжээ.


Мөн хэрэглээний үнийн индекс /CPI/ энэ оны есдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.7 хувиар өссөн нь 2008 оны аравдугаар сараас хойшхи хамгийн том үнийн өсөлт болсон гэж тус газрын мэдээлэлд дурдсан байна.


Түүнчлэн энэ оны есдүгээр сарын хэрэглээний үнийн индекс өмнөх сарын үзүүлэлттэй харьцуулахад 0.5 хувиар өсжээ.


Статистикийн төв газрын мэдээлснээр, тээврийн салбарт хамгийн их үнийн өсөлт ажиглагдсан бөгөөд энэ оны есдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 11.4 хувиар өссөн байна. Энэ нь бусад хүчин зүйлээс гадна шатахууны үнэ өссөнтэй холбоотой ажээ.


Ирландад цахилгаан эрчим хүч, хий болон бусад түлшний үнэ жилийн өмнөхтэй харьцуулахад энэ оны есдүгээр сард дунджаар 21.9 хувиар өсжээ.


“Инфляцийн өсөлт нь түр зуурын хүчин зүйлээс үүдэлтэй боловч цаг хугацаа өнгөрөх тусам буурах төлөвтэй байна” гэж тус улсын Сангийн сайд Паскаль Донохью энэ долоо хоногийн эхээр Парламентын Доод танхимд хэлсэн үгэндээ онцолжээ.


Түүнчлэн тээвэрлэлтийн хүчин чадал, түүхий эдийн хомсдол, тодорхой салбарын ажиллах хүчний хомсдол, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг нь инфляц болон тус улсын амьжиргааны өртгийг улам нэмэгдүүлж болзошгүйг анхааруулсан байна.

 

Холбоотой мэдээ