Ж.Байден: АНУ коронавирусний эсрэг тэмцэлд ахиц дэвшил гаргасан ч эрс өөрчилж чадаагүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-10-15 12:38:04

ВАШИНГТОН. /RT/. АНУ коронавирусний тархалттай хийж буй тэмцэлд чухал ахиц дэвшил гаргасан боловч одоогоор халдварын нөхцөл байдлыг эрс өөрчилж чадаагүй байна гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден ковидын тархалттай тэмцэх ажлын явцын талаар пүрэв гарагт товч үг хэлэхдээ мэдэгджээ.


“Улсын хэмжээнд сүүлийн зургаан долоо хоногт өдөрт илрэх халдварын тохиолдол 47 хувиар, эмнэлэгт хэвтэх өвчтөнүүдийн тоо 38 хувиар буурсан” гэж тэрбээр хэлсэн байна. Ерөнхийлөгчид өгсөн мэдээллээр халдварын тоо 39 муж улсад, эмнэлэгт хэвтэх тохиолдлын тоо 38 муж улсад буурч байгаа аж. Үүний зэрэгцээ АНУ-ын 66 сая иргэн вакцинд хамрагдаагүй хэвээр байна гэж тэрбээр хэлээд "гэсэн ч энэ бол зөвшөөрөх аргагүй их тоо юм” гэж онцлон тэмдэглэсэн байна.


“Бид ихээхэн ахиц дэвшил гаргасан ч одоо хүчин чармайлтаа сулруулах цаг биш. Хийх зүйл маш их байна. Бид “COVID-19”-ийн тархалтын байдлыг эрс өөрчлөх чухал үеийг туулж байна" гэж Байден цохон тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ