Согтууруулах ундаа худалдаж, үйлчлэхийг түр зогсооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-10-15 09:47:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан 10 дугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох талаар Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.

А/785 тоот уг захирамжид соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг тусгажээ. Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэхийг ААН, байгууллагын удирдлагад даалгасан байна.

Түүнчлэн холбогдох хууль, журам, СЕХ-ноос тавьсан шаардлагыг хангаж, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлж ажиллах, сонгуулийн хороо, санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов.

Холбоотой мэдээ