Том оврын ачааны автомашины жолооч нарыг ОХУ-ын хилээр нэвтрүүлэх журмыг боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-14 11:12:03

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан энэ сарын 13-ны орой болж, ЭМГ болон Сүхбаатар сумын ковидын нөхцөл байдлын мэдээллийг сонслоо. Сүүлийн өдрүүдэд цар тахлын эрчим харьцангуй буурч байгаа сайн мэдээтэй байна.

-Өмнөх хуралдаанаас аймгийн Онцгой комиссын даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу ажилласан ажлын хэсгийн ахлагч АЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Энхбат аймгийн хэмжээнд коронавирусний халдварын хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх эмийн багцад хийсэн хяналт судалгааны мэдээллийг танилцууллаа.

Сэлэнгэ аймаг 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн хөнгөн хэлбэрийн өвчтнүүдээ гэрээр эмчилж эхэлсэн. Гэрээр эмчлүүлж байгаа нэг иргэнд олгож байгаа санхүүжилтийн үндсэн эмчилгээний багцыг 85000 төгрөгөөр, үйлчилгээний зардлыг 75000 төгрөгөөр тогтоох саналыг танилцууллаа. Эмчилгээний багц нь эмчлүүлэх үеийн болон эмчилгээний дараа нөхөн сэргээх гэсэн хоёр хэсгээс бүрдэхээр тооцож эмийн нэр төрөл, тун хэмжээ, бөөний үнэ, үйлчилгээний төрлийг хавсралтаар гаргасан ажээ.

Аймгийн Засаг даргын зүгээс иргэдийн сэтгэл ханамж хамгийн чухал гэдгийг онцгойлон тэмдэглэж, сэргээн засах багц нь тухайн хүний онцлогт тохирсон эм бэлдмэлээс бүрдсэн байвал сайн байна. Хүн хүний бие, суурь өвчлөл өөр өөр шүү хэмээн хэллээ. Ажлын хэсгийн саналыг хэлэлцээд аймгийн төв Сүхбаатар сум алслагдсан баг цөөтэй учир тус сумын хувьд арай өөр хувилбар гаргаж танилцуулахыг аймгийн Онцгой комиссын дарга үүрэг болголоо.

-Энэ удаагийн хурлаар яригдсан бас нэг гол асуудал бол УОК-ын даргыг Сэлэнгэ аймагт ирэхэд тавьсан том оврын ачааны автомашины жолооч нарыг ОХУ-ын хилээр нэвтрүүлэх асуудлыг УОК-оос зөвшөөрсөн явдал байв. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Энэ бол бидэнд ашиг тустай, аж ахуйн нэгж, иргэдэд хэрэгтэй шийдвэр. Үнийн өсөлт, бараа материалын хомсдолоо ч бодсон, аж ахуйн нэгжүүдийнхээ ашиг орлогыг ч бодсон хаа хаанаа хэрэгтэй шийдвэр гэж харж байна. Харин одоо бүгдээрээ хэрхэн жолооч нараа нэвтрүүлэх журмаа бодит нөхцөл байдал, суурь түвшин дээрээ үндэслэн хэлэлцэн боловсруулаад УОК-т саналаа хүргүүлье” хэмээв. 

-Мөн аймгийн Онцгой комиссын даргаас баар, караоке, сүм хийд гэх мэт үйлчилгээний байгууллагуудтай Хариуцлагын гэрээ” байгуулан, мэргэжлийн байгууллагуудын шаардлагыг хангасан байдлыг харгалзан үйл ажиллагааг нь нээхийг зөвшөөрлөө. Ингэхдээ Сүхбаатар сумын Засаг даргад үйлчилгээний байгууллагуудтайгаа уулзаж тавигдах шаардлагаа нарийвчлан ярилцаж, хариуцлагатай ажиллахыг үүрэг болголоо. Мөн хуралдааны үеэр иргэдэд дархлаажуулалтын ажлыг нарийн ойлгуулах ажлыг сурталчлах хэрэгтэй гэлээ. Тэрээр Дархлаажуулалтын вакцин нь таныг өвчин тусахаас 100 хувь хамгаалж чадахгүй ч хөнгөн өвдөх, нас баралтаас сэргийлэх үндсэн үүрэгтэй гэдгийг анхааруулах хэрэгтэй гэв. 3 дахь тунгийн нэмэлт дархлаажуулалтыг өрхийн эмнэлгүүдээр хийж байгаа аж. Иймээс иргэд та бүхнийг харъяа өрхийн эмнэлэг дээрээ очиж хамрагдахыг уриалж байна. 

Холбоотой мэдээ