“Ухсан бол ургуул” гэсэн шаардлагыг тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-10-12 20:38:11

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Дорнод аймагт хэрэгжүүлэхдээ “Ухсан бол ургуул” гэсэн шаардлагыг тавина гэдгээ илэрхийлэв.

Газрын доор болон дээрх баялгийг ашиглаж байгаа уул уурхай, газрын тосны үйл ажиллагаа явуулдаг компаниудиар олборлосон бүтээгдэхүүний хэмжээгээр нь дүйцүүлэн мод тариулж, байгалийн нөхөн сэргээлт хийлгүүлэх зарчмыг барьж ажиллах юм.

Энэхүү хөтөлбөр хэрэгжих 10 жилийн хугацаанд тус аймаг хот суурин газар, авто зам, төмөр зам дагуу газар тариалангийн бүсэд ойн зурвас, хот суурин газар ногоон байгууламж байгуулах, тал хээрт агро ойн аж ахуйн бүтэцтэй хувийн хэвшлүүдийг хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Тарьсан мод бүрээ ургуулах, олон жилийн турш арчилж тордох тал дээр нарийн зохион байгуулалт хийж, мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгжийг дэмжин урамшуулж ажиллахаас гадна, ногоон байгууламж хариуцсан ОНӨГ-ыг байгуулах аж. Мөн гэр хороололд хүнсний ногоо, мод тарих өрхийг дэмжиж гүний худаг бүхий усжуулалтын системийг байгуулахаар төлөвлөөд байна. 

Холбоотой мэдээ