Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд туслах төв нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-07-06 14:55:04

Хотын эдийн засгийн хөгжилд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн байр суурийг нэмэгдүүлэх зорилгоор 3 жилийн хугацаатай туршилтын “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийг  Улаанбаатар банкны байранд нээв.

БНСУ-ын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Азийн  сангийн Нийслэлийн төр захиргаа, Хөгжлийн шийдэл ТББ, МҮХАҮТ, Голомт банк, Голомт СЕКЮРИТЗ  ХХК-тай хамтран дээрх төвийг нээж буй юм. Эл төсөл нь эмэгтэйчүүдийн энтрепренёр чадваруудыг нэмэгдүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг дэмжих, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх юм.

“Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” долоо хоногийн Даваа-Бямба гараг хүртэл зуны улиралд 9.00-21.00 цагт, өвлийн улиралд 9.00-19.00 цагт ажиллах юм. Тус төвд үйлчлүүлэгчид болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулж компьютер, өндөр хурдны интернэт, хурал уулзалт зохион байгуулах танхим, хүүхэд тоглох өрөөг тохижуулжээ.

Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бидэнд ажлын байр хүндрэлтэй байдаг. Төслөө бичье гэхээр хэнээс зөвлөгөө авахаа мэддэггүй. Харин шинэ төвтэй болсноор мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авахаас гадна компьютер, принтер ашиглах ажлын өрөөтэй болсондоо баяртай байна. Мөн эмэгтэйчүүдийн асуудлыг шийдэж  хүүхэд тоглох өрөө хүртэл бий болгожээ.

КОЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгч Хуан, Сүн-Жэй: Нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг их. Бие дааж бизнес эрхлэх хүсэлтэй эмэгтэйчүүд олон байдаг ч тэдэнд туслах, мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах газар байдаггүй. Харин энэ орон зайг нөхөхөөр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийг нээлээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэх,  эмэгтэйчүүд бизнес эрхлэх дэмжлэг авах,  бизнесээ хөгжүүлэх боломж бүрдэж буй юм.

 Г.Уранчимэг

 

 

Холбоотой мэдээ