Токиогийн бүсэд газар хөдөлжээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2021-10-08 11:41:56

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотын бүсэд орон нутгийн цагаар пүрэв гаргийн орой 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 20 гаруй хүн гэмтэж, нийтийн тээврийн үйлчилгээ саатсанаас үүдэн зорчигчид гацаж, зарим бүсэд усны хангамж тасалджээ.


Газар хөдөлсний дараа нийслэлийн суман галт тэрэг, метро зэрэг нийтийн тээврийн олон үйлчилгээг түр зогсоожээ. Хэдийгээр нийтийн тээврийн зарим оператор компани хожим нь үйлчилгээгээ сэргээсэн ч олон хүн таксигаар зорчихоор үзэн дугаарлаж буй нь харагдаж байжээ.


Газар хөдлөлт оройн 22:41 цагийн орчимд болсон бөгөөд голомт нь баруун хойд нутгийн Чиба мужид 10 км-ийн гүнд байжээ. Японд газар хөдлөлтийн эрчмийг долоон шатлалаар үнэлдэг бөгөөд Токио, Сайтама мужид таваас дээш түвшний чичирхийлэл мэдрэгдсэн гэж Цаг уурын агентлаг мэдээлжээ. Байгалийн гамшгийн улмаас цунамийн түгшүүр зарлаагүй байна.



Цаг уурын агентлагийн мэдээлснээр, Токиогийн 23 дүүрэгт тав болон түүнээс дээш шатлалд ангилагдах газар хөдлөлт хамгийн сүүлд 2011 оны гуравдугаар сарын 11-нд болж байсан бөгөөд тухайн үед 9.0 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас цунамийн аюул нүүрлэж байв.


Пүрэв гарагт болсон газар хөдлөлтийг эхэндээ 6.1 магнитудын хүчтэй хэмээн мэдээлж байсан ч нарийвчлан шалгасны дүнд өнөө өглөө 5.9 болгон бууруулжээ. Цаг уурын мэргэжилтнүүд долоо хоногийн дотор дахин ийм эрчимтэй газар хөдөлж болзошгүйг сэрэмжлүүлсэн байна.


Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газар байгалийн гамшгийн уршгийг арилгах ажлын хэсгийг яаралтай байгуулжээ. Тэрбээр байгалийн гамшигт өртсөн хүмүүст тусламж үзүүлж, дахин хохирол учрахаас сэргийлэхийг үүрэг болгосноо сэтгүүлчдэд мэдээлсэн байна.


Атомын цахилгаан станцуудын үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол үүсээгүй гэдгийг Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.  



Оройн 23 цагийн байдлаар Японы нийслэлд 250 орчим өрхийн цахилгаан хангамж тасалдаад байсан ч хожим нь сэргээжээ. Тээврийн байгууллагуудын удирдлагуудын мэдээлснээр, Нарита буудлын аюулгүй байдлыг шалгах зорилгоор үйл ажиллагааг нь түр зогсоосны дараа бүх зурвас талбайг нээжээ.


Мөн нийслэлийн хурдны замууд болон тэдгээрийн ойр орчмын замуудыг түр хаан шалгалт хийсэн байна. Үүнээс гадна Чиба мужийн Содегаүра хот дахь нефть боловсруулах үйлдвэрт гал гарсныг даруй унтраажээ. Түймрийн улмаас хэн нэгэн гэмтэж бэртээгүй байна.


Лхагва гаргийн өглөө Японы зүүн хойд нутагт мөн 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Аомори, Иватэ мужид гурван хүн гэмтэж бэртсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. 



Холбоотой мэдээ